Шадар сайд С.Амарсайхан өнөө өглөө Монголбанк, МИК, БХБЯ болон арилжааны банкуудын захиралтай уулзлаа.
Дэлхийн олон оронд амжилттай хэрэгждэг ипотекийн зээлийн санхүүжилтийн эрх зүйн орчныг Монголд нэвтрүүлэх үүднээс Засгийн газар, Монголбанкаар дамжуулан өнгөрсөн хугацаанд 6 их наяд шахам төгрөгийн санхүүжилт хийжээ.
Энэ санхүүжилтийн хөрвөх чадварыг бий болгох зорилгоор Монголын Ипотекийн Корпорацыг байгуулсан. Гэвч орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндсөн. Улмаар Сангийн яамаар ахлуулан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагуудын төлөөлөл, эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлаар Шадар сайд өнөөдөр Ажлын хэсгийн гишүүд болон МИК, арилжааны банкуудын удирдлагуудтай ярилцав.
Оны эхний дөрвөн сарын байдлаар 2000 өрх ипотекийн зээл авчээ.
Харин 2020 оны аравдугаар сараас хүүг 6 хувь болгосноос хойш Монголбанк 60, арилжааны банкуудын эх үүсвэр 40 хувь болсон. МИК санхүүжилт гаргадаггүй, хоёрдогч зах зээлээс хөрөнгө оруулалт татдаггүй ч иргэдийн 6 хувийн зээлийн төлөлтөөс 1.25 хувийг үйл ажиллагааны зардал, эрсдэлийн сандаа авдаг.
2014-2018 оны хооронд нийт 282 тэрбум төгрөгийн хүүгийн цэвэр ашгийг МИК авсан баримт санхүүгийн аудитлагдсан тайланд байгааг Шадар сайд энэ үеэр хэлсэн юм.
МИК-ийн өмчийн хэлбэр нь олон нийтийн хувьцаат компанийн статустай. Гэвч
Нийт хувьцааны 73.75%-ийг нэг хүний хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой компани эзэмшдэг.
- Монголбанк, Хөгжлийн банк нийлээд МИК ОССК ХК-ийн хувьцаанаас 17.23 хувийг,
- Арилжааны банкууд нийлээд 9.2% хувийг,
- Иргэд 1% хүрэхгүйг эзэмшдэг тухай Ажлын хэсгээс мэдээлсэн юм.
Засгийн газраас цар тахлын хүндрэлийн үед эдийн засгийг дэмжих “10 их наядын цогц хөтөлбөр” баталж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх, орон сууцны хүртээмжийг сайжруулах хүрээнд Ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг нэмж 2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс 2021 оны эцсийн байдлаар 1 их наяд төгрөгийн зээл гарч, 14 мянга гаруй зээлдэгч орон сууцны хөтөлбөрт хамрагджээ.
Энэ жил 10 мянган өрхөд зээл олгохоор төлөвлөж, 700 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр байсан ч оны эхний дөрвөн сарын байдлаар гүйцэтгэл дөнгөж 25 хувьтай буюу 2000 хүрэхгүй өрх хамрагджээ.
Зээл олголт удааширсан шалтгааныг судалж, МИК багцлах гээд удаасан уу эсвэл банкууд өөрсдийн хөрөнгө оруулсан, зээл олгосон төслийнхөө байрыг худалдах гээд гацаагаад байна уу гэдгийг талууд нээлттэй хэлэлцэж, цаашид хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэхийг Шадар сайд үүрэг болгов.
Тэрээр Санхүүгийн зохицуулах хороо, ШӨХТГ МИК-ийг хянах үүргээ биелүүлж байна уу? Би энэ асуудлаар УИХ-д нийтийн сонсгол зохион байгуулна. 80 сая төгрөгийн үнэтэй байрыг иргэд 8 хувийн хүүтэй зээлээр авбал 248 сая төгрөг төлөх нь. Зээлийн хүү 6 хувь болж буурснаар тухайн өрх 20 жилийн дараа 214 сая төгрөг төлөх юм байна. Иргэдэд ийм их ачаалал өгч байхад та бүхэн яагаад бууруулахад сэтгэл гарган ажиллахгүй байна вэ?
МИК өнгөрсөн хугацаанд хангалттай их ашиг олсон атлаа бид оролцдоггүй гэж ташаа мэдээлэл түгээлээ. Иймд та бүхэн залруулга гаргах ёстой” гэв.
- 2019 онд 13 мянган ирэн шинэ байранд оржээ.
- 2021 онд ашиглалтад орсон орон сууцны 81 хувийг,
- 2022 онд 32 хувь нь ипотекийн зээлээр иргэд худалдан авчээ.