Хятадын 45 хотын 400 сая орчим хүн Ковидийг тэглэх Хятадын хатуу бодлогын хүрээнд бүрэн ба хэсэгчилсэн хөл хорионд байна. Тэд нийлээд дэлхийн хоёр дахь том эдийн засгийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувь буюу 7.2 их наяд ам.доллартай тэнцэнэ.
Шинжээчид анхааруулах хонх дуугаргаж байгаа ч хөрөнгө оруулагчид эдгээр уртасгасан тусгаарлалтаас болж дэлхийн эдийн засгийн уналт хэр ноцтой болохыг зөв үнэлж чадахгүй байна гэж мэдэгджээ.
"БНХАУ-ын хөл хорионы дэлхийн зах зээл дээрх нөлөөллийг дутуу үнэлж байна. Учир нь бүгд Орос-Украины мөргөлдөөн болон АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хүүгийн өсөлтөд анхаарсан хэвээр байна" гэж Номурагийн Хятад дахь ахлах эдийн засагч Лу Тин өнгөрсөн долоо хоногт тэмдэглэлдээ бичжээ.
Хамгийн түгшүүртэй зүйл бол 25 сая хүн амтай, Хятадын хамгийн том үйлдвэрлэл, экспортын төвүүдийн нэг болох Шанхай хотыг тодорхойгүй хугацаагаар “түгжсэн” явдал юм.
Тэнд хорио цээрийн дэглэм тогтоосон нь хүнсний хомсдолд хүргэж, эмнэлгийн тусламж авах боломжгүй болгож, гэрийн тэжээвэр амьтдын аллага хүртэл гарч байна. Тэд мөн дэлхийн хамгийн том боомтыг ажиллах хүнгүй орхисон.
2021 онд Хятадын ачаа тээврийн 20 гаруй хувийг хангадаг байсан Шанхайн боомт үндсэндээ зогсонги байдалд орж, хөргөх төхөөрөмжгүй тээвэрлэлтийн чингэлэгт гацсан хүнсний бүтээгдэхүүнүүд ялзарч эхэлжээ.
Ирж буй ачааг өөр газар тээвэрлэхээс өмнө дунджаар найман өдөр Шанхайн далайн боомтод хадгалагддаг байдал хөл хорионы үеэр даруй 75 хувиар өссөн байна. Ачааны агаарын тээврийн компаниуд хот доторх болон хотоос гарах бүх нислэгээ цуцалсан бөгөөд импорт, экспортын хүргэлтийг дэмждэг ачааны машинуудын 90 гаруй хувь нь ажиллахгүй байгаа юм.
Хятадын Засгийн газрын 2021 оны статистикийн эмхэтгэлд дурдсанаар, Шанхай Хятадын экспортын 6 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд хот болон түүний эргэн тойрон дахь үйлдвэрүүд хаагдсан нь нийлүүлэлтийн сүлжээг улам бүр дордуулж эхлэв. Шанхай болон бусад хотуудын Sony болон Apple-ийн ханган нийлүүлэгчдийн үйлдвэрүүд ажиллахгүй байна. MacBook-ын хамгийн том гэрээт зөөврийн компьютер үйлдвэрлэгч Quanta үйлдвэрлэлээ бүрэн зогсоолоо. Тус үйлдвэр нь Quanta-ийн зөөврийн компьютер үйлдвэрлэх хүчин чадлын 20 орчим хувийг эзэлдэг бөгөөд энэ онд 72 сая ширхэгийг нийлүүлнэ гэж тооцоолж байсан. Тесла өдөрт 2000 орчим цахилгаан машин үйлдвэрлэдэг Шанхайн Гига дахь үйлдвэрээ хаав.
Баасан гарагт Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдэгдэл хийхдээ, хатуу хөл хорионд орсон хотын 666 гол үйлдвэрлэгчийн үйлдвэрлэлийг сэргээхээр Шанхайд ажлын хэсэг илгээсэн байна. Теслагийн удирдлагууд даваа гараг гэхэд үйлдвэрүүдийг хаалгаа дахин нээхийг зөвшөөрч, 2019 онд ашиглалтад орсноос хойших үйлдвэрлэлийн хамгийн удаан зогсолтыг эцэс болгоно гэжснайдаж буйгаа илэрхийлсэн юм.
Хятадын үйлдвэрлэл, тээвэрлэлтийн удаан үргэлжилсэн тасалдал нь бүтээгдэхүүн, нийлүүлэлтийн сүлжээнээс АНУ-ын хараат байдлыг бууруулахад чиглэсэн Байдены засаг захиргааны гол санаачилгыг хурдасгахад тусална гэж үзэж буй эдийн засагчид бий. Харамсалтай нь энэ санаачилга нь эдийн засгийн ноцтой үр дагавартай.
Дэлхийн худалдааны байгууллага өнгөрсөн долоо хоногт гаргасан тайландаа ОХУ Украинд түрэмгийлснээр дэлхийн эдийн засгийг салгах хамгийн муу хувилбар болж, дэлхийн у ДНБ-ийг удаан хугацааны турш дор хаяж 5 хувиар бууруулж болзошгүйг анхааруулжээ.
Rhodium группын мэдээлснээр 2020 оны эцэст АНУ- БНХАУ-ын хоорондын хувьцаа, бонд дахь хөрөнгө оруулалт 3.3 их наяд ам.долларт хүрсэн байна.
Блэкрок компанийн ТУЗ-ийн дарга Ларри Финк компанийн хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа "Оросын Украинд хийсэн түрэмгийлэл нь сүүлийн гучин жилийн турш бидний туулж өнгөрүүлсэн даяаршлыг зогсоосон" гэж бичжээ. Энэ нь Хятад, Америкийн эдийн засгийн харилцаа салж эхэлсэн гэсэн үг юм.
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен өнгөрсөн долоо хоногт Атлантын зөвлөлд үг хэлэхдээ Хятад, Оросын улс төр, эдийн засгийн харилцаа холбоог АНУ анхааралтай ажиглаж байна гээд "Цаашдаа эдийн засгийн асуудлыг үндэсний ашиг сонирхол, тэр дундаа үндэсний аюулгүй байдлын үүднээс авч үзэхээс бишь энэ хоёр ойлголтыг салгахад улам хэцүү болох болно" гэжээ.
Тэрээр Хятад, АНУ-ын хооронд "хоёр туйлт хуваагдлаас" зайлсхийж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн ч "Дэлхийн улсуудын Хятадад хандах хандлага, цаашдын эдийн засгийн интеграцийг хүлээн авах хүсэл эрмэлзэлд Хятад улс хариу үйлдэл үзүүлж магадгүй” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: CNN Business