30 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд нийт 18 улсаас 366 тамирчид оролцжээ. Манай тамирчид ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр Дэлхийн хошой аварга болсон бол ОУ-ын Мастер Д.Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүллээ.
Мөн тэмцээний нийт 90 медалиас 33 медаль (10 алт, 12 мөнгө, 11 хүрэл) хүртэж, 21 435 оноогоор Монголын баг тэргүүллээ. Монгол Улсаа төлөөлж нийт 19 тамирчин тус тэмцээнд оролцсоноос 5 тамирчин ОУ-ын Мастерийн цолны болзол хангасан юм.
26 дахь удаагийн ДАШТ-д манай ихэр тамирчид болох Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар бүх насны ангиллыг тэргүүлж хамгийн анхны эмэгтэй Дэлхийн аварга болж байсан билээ. Ингэхдээ дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болж байв. Тэд Ой тогтоолтын спортоор 2017 оноос эхлэн хичээллэсэн юм.
Тамирчин Н.Энхшүрийн хувьд, хоёртын тооллын төрөлд 30 минутанд 5,445 цифр цээжилж, дэлхийн рекорд эвдсэн. Харин Н.Мөнхшүр нэг цагт багц хөзөр цээжлэх төрөлд 37 багц буюу 1,924 хөзөр цээжилж, дэлхийн рекорд эвдсэн.Тэдний энэ амжилт Гиннесийн номонд бичигдэхээр болсон юм.
ОЛОН УЛСЫН МАСТЕР ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН 5 ТАМИРЧИН
Ой тогтоолтын ОУ-ын Мастерын болзол хангана гэдэг тамирчдын хувьд хамгийн чухал, хамгийн том зорилгын нэг байдаг билээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон тамирчдаас 4 тамирчин (Э.Ундрал, Д.Хүслэн, Ц.Эмүжин, Л.Уянга) мастерын болзлоо хангаад байна.
1. Ш.Наранбат – Улсын аварга /бага нас/-Түүний хувьл 4 дэх дэлхийн аваргадаа оролцож энэхүү болзлоо хангалаа. Тэрбээр бага насандаа улсын аварга, ази тивийн аварга, дэлхийн аваргаас медаль хүртэж байсан ч цолны болзлоос хэдхэн цифрээр дутаж байсан бол энэ удаад өндөр үзүүлэлт үзүүлэн мастер боллоо.
2. Э.Ундрал нь олон улсын нээлттэй тэмцээн болон улсын аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож медаль хүртэж байсан. Тэрбээр анх удаа ДАШТ-нд оролцон цолны болзлоо хангалаа.
3. Д.Хүслэн – Улсын аварга /бага нас/- Түргэн бодолтын улсын болон олон улсын тэмцээний аварга тэрээр ой тогтоолтын спортоор хичээллэн бага насны ангилалд 2 удаагийн аварга, улсын аварга болсон бөгөөд анх удаа ДАШТ-нд оролцож бага насандаа мастерын болзол хангаж буй монгол улсын 3 дахь тамирчин болж байна.
4. Ц.Эмүжин- Түүний хувьд Дархан-Уул аймгийн тамирчин. Улс болон олон улсын тэмцээнд амжилттай оролцож медаль хүртэж байсан бол энэ удаад ДАШТ-нд маш сайн оролцон мастерын болзлоо хангалаа.
5. Л.Уянга– "Пицца хат" брендийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж амжилттай суралцан тус брэндийн элч тамирчин болоод удаагүй байгаа бөгөөд ДАШТ-нд анх удаа оролцож цолны болзлоо хангаад байна.
Ийнхүү ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг маань Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг гээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан олон улсын 30 дахь тэмцээндээ амжилттай оролцож 1115 медаль, 101 цом хүртэж амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна.