Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд есөн боомт ажиллаж байна. Зорчигч гэхээсээ илүүтэй ачаа тээврийн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Энэ талаар Зам тээврийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ,
"Гашуунсухайт боомтод өдөрт 100-160 орчим тээврийн хэрэгсэл орж, гарч байна. Мөн Замын-Үүд авто замын боомтоор 50-65 чингэлэг тээвэр нэвтрүүлж байгаа ба авто тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэх ажлыг давхар хийж байна. Энэ ажиллагааг зохион байгуулах тусгайлсан системээр ажиллах бүрэлдэхүүн хоёр хоногийн дараа очиж ажиллана.
Замын-Үүдэд байгаа хоосон чингэлгүүдэд ариутгал хийн өдөрт 20-35 чингэлэг буцааж байна. Мөн энд яригдаж байгаа томоохон зүйл бол овор ихтэй ачаа барааг хэрхэн оруулж ирэх талаар нөгөө талтай хэлэлцэн, уулзалт зохион байгуулсан. Ингэхдээ авто тээврээр, төмөр замаар, чингэлгийн тээврээр гэсэн гурван төрлөөр ангилан оруулж ирэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мөн ард иргэдийг бухимдуулаад буй тээврийн үнийн өсөлтийг хэрхэн ил тод зохион байгуулах талаар ярилцаж байна. Эрээнд Нээлттэй платформ хэмээн системийн хөгжүүлэлтийг хийж байгаа ба Монгол Улсад мөн үүнийг ажиллуулна. Тээвэр зуучийн төлөөлөлтэй өчигдөр уулзалт хийж хэрхэн хамтрах чиглэлээ тодорхой болгосон. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа ил тод болгох шаардлагатай гэж үзсэн. Тэгэхээр захиалж байгаа иргэн, ААН ямар газраар дамжуулж, ямар үнээр авчруулж буй талаарх мэдээлэл ил болно. Өдөрт 50-60 чингэлэг оруулж ирсээр одоогоор нийт 1460 чингэлэг ачаа бараа татаад байна.
Булганы боомтын тээвэр нэлээн өсөлттэй байгаа ба өдөрт 120 орчим тээврийн хэрэгсэл гарч байна. Гэхдээ энэ зөвхөн нүүрс юм. Өнгөрсөн сарын 28-наас эхлэн төмөр замын тээврийг эхлүүлсэн ба зэсийн баяжмал, төмрийн хүдрийг гаргаж байна. Өдөрт нэг галт тэрэг явж байгаа буюу 50 вагон гэсэн үг. Эхний ээлжид төмөр замд гарсан буюу нэгэнт ачигдсан барааг гаргах тал дээр нөгөө талтай ярилцаж байна. Одоогоор нүүрстэй 1200 гаруй вагон, төмрийн хүдэртэй 700 гаруй вагон, 100 гаруй вагон зэсийн баяжмалтай хүлээгдэж байна" гэлээ.