Дэлхийн шилдэг технологийг эх орондоо амжилттай нутагшуулж, Монгол Улсын металлургийн хөгжилд түлхэц үзүүлж яваа хамт олон бол Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийнхэн юм. Хоёр жилийн өмнө индукцын хос шугам нэвтрүүлснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, эдийн засгийн үр ашиг эрс нэмэгдсэн. Гэсэн ч ган бөөрөнцгийн шинэ урсгал хааяахан тасалдаж, асуудал дагуулах болсон учир шалтгааны талаар тус цехийн дарга А.Отгончулуунаас тодруулсан юм.
-Сүүлийн үед ган бөөрөнцгийн бэлдцийн асуудал анхаарал татах боллоо. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Манайх энэ онд Баяжуулах үйлдвэрийн жилийн хэрэгцээний 20921 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэх ёстой. Улсын хэмжээнд бэлдэц үйлдвэрлэдэг ганц газар болох Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй 8500 орчим тонн бэлдцийн гэрээ хийсэн байдаг. Үүнээс 3200 тонн нь нийлүүлэгдсэн боловч үйлдвэрлэлийн явцад асуудал үүссэн. Голчийн хэлбэлзэлтэй, “догшин” гангаар хийсэн бэлдцүүд ирснээс үйлдвэрлэлийн явцад шаарууд хагарсан. Бэлдцийн болон бүтээгдэхүүний маш их хэмжээний гологдол гарсан учраас хоёр талаас ажлын хэсэг байгуулагдсан. Төмөрлөгийн үйлдвэрийнхэн манай дээр ирж үйлдвэрлэлтэй танилцаж, гологдол их гарч байгааг нүдээр үзэж хүлээн зөвшөөрсөн. Ингээд бэлдцэд илчийн боловсруулалт хийж, амраах шаардлагатай гэж хоёр талын ажлын хэсэг дүгнэсэн юм. Тэд 2400 тонн бэлдцээ буцаан татсан. Тэр хэмжээний бэлдцийг илчийн боловсруулалт хийгээд явуулахад хатуулаг зөөлөрсөн байна. Одоо ган бөөрөнцгийн үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэр сард 1300 тонн бэлдэц нийлүүлэх боломжтой. Гэтэл Баяжуулах үйлдвэрийн сарын хэрэглээнд 2500-3000 тонн ган бөөрөнцөг шаардлагатай. Сул орон зайг хаанаас нөхөх вэ?
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадал хязгаарлагдмал. Манайд сард 1380 тонн бэлдэц өгөх боломжтой гэсэн албан бичиг ирсэн учир Захирлын болон Техникийн зөвлөл хуралдаад сул орон зайг хоёрдогч зах зээлээс нөхөх шийдвэр гарсан. Гадаад зах зээл дээр төмрийн үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 20-30 хувь өссөн байна. Тиймээс гаднаас шаар авах нь ашигтай юу, бэлдэц авах нь зүйтэй юу гэсэн сонголт зүй ёсоор тавигдана. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн эрхэм зорилго, Монгол Улсын хөгжлийн хэтийн төлөвийн хүрээнд металлургийн салбар хөгжих нь зүй ёсных юм. Тэр утгаараа эх оронч шийдвэр гаргаж, металлургийн салбарыг дэмжин хөгжүүлэх үүднээс Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд гаднаас бэлдэц татан авах байр суурьтай байгаа. Одоогоор дөрвөн компаниас үнийн санал ирсэн, судалгаа үргэлжилж байна.
-Танай цех ган бөөрөнцөг үйлдвэрлэлийн 24 жилийн туршлагатай. Шинэ технологи нэвтрүүлснээр бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт гарсан уу?
-Манай бүтээгдэхүүн импортын ган бөөрөнцгөөс чанарын хувьд илүү болох нь үйлдвэрлэлийн туршилтаар батлагдсан. Эдийн засгийн хувьд ч хэмнэлт гарсан. Энд нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Ган бөөрөнцгийн үйлдвэрлэл хэвийн, ажилчид маань сайн ажиллаж байгаа. Бид ган бөөрөнцгийн түүхэнд байгаагүй чанар, амжилтыг гаргаж чадсан. Харин бэлдцээс, ханган нийлүүлэлтээс болж нэр хүнд, цаг хугацаагаа алдмааргүй байна. Бид ирээдүйгээ маш гэгээтэй харж байгаа.
-Ирээдүйн хөгжил, төлөвлөлтийн талаар…?
-Манай цехийн эрхэм зорилго бол Эрдэнэт үйлдвэрийнхээ ган бөөрөнцгийн хэрэглээг 100 хувь хангах. Ойрын хугацаанд 120, 125-ын “шаар” үйлдвэрлэх төлөвлөгөөтэй, ТЭЗҮ гарсан. Үнэлгээний хороо байгуулагдсан. Техникийн даалгавруудыг боловсруулчихсан. Одоо үндсэндээ үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулах шатны ажил үлдээд байна. Бид жилдээ нийт 30-35 мянган тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж гэмээнэ гадагшаа урсаж байгаа валютын урсгалыг хаах боломжтой болно. Ган бөөрөнцгийг гурван янзаар үйлдвэрлэдэг. Цутгаж, цувьж, давтаж хийдэг. Хамгийн сайн чанарынх нь давтсан ган бөөрөнцөг байдаг гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчихлөө. Бид дэлхийн металлургийн хөгжилтэй мөр зэрэгцэхийн тулд өнөөдөр зоригтой алхам хийхээр төлөвлөж байна.