Бичсэн: Хүний их эмч Б.Буянжаргал
2020 оныг хөөр баяртай угтахад ердөө 10 хоног дутуу байв. БНХАУ-ын Ухань хотод шалтгаан тодорхойгүй халууралт, уушгины хатгалгаагаар иргэд нас барж байгааг Шинхуа агентлаг дэлхий нийтэд мэдээлсэн тэр өдрөөс хойш 500 гаруй хоног өнгөрлөө. SARS халдвартай төстэй хэдий ч халдварлах чадвар өндөр энэхүү вирусийн гарал үүслийг тогтоохоор хятадын эрдэмтэд ханцуй шамлан орсон ч халдвар өдөртөө 1000, 2000-г давж үхэл 100-г давсан хүндхэн өдрүүдийн хойноос ДЭМБ анхааруулга, сэрэмжлүүлэх мэдээг гишүүн орнууддаа түгээж улс орон бүр өөрсдийн стратегийг боловсруулан халдвараас сэргийлэх гарцыг хайсан. Өдгөө дэлхий дахинаа 2.9 сая хүний амь насыг авч одсон ковид-19 вирусийг хохирол багатай туулж, эдийн засгийн өсөлт үзүүлж яваа хэдхэн улс дэлхийд байна. Энэ нь Тайвань, Сингапур, БНХАУ юм.
Тайвань:
2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Гамшгийн үеийн команд штаб, Халдварын хяналт сэргийлэлтийн төв хамтран хуралдаж, дараах үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх болсноо нийт ард иргэддээ зарласан юм. Үйл ажиллагааны хүрээнд хатуу хөл хорио тогтоохгүй гэдгээ мэдэгдэж , орчин үеийн техник технологи, хиймэл оюун ухаанд тулгуурласан арга хэмжээг авах болсноо зарлав.
1. Үндэсний тандалт судалгааны команд штабын нэгдэл
Үндэсний тандалт судалгааны команд штабын нэгдэл нь хариу арга хэмжээ авах, гүйцэтгэх, бодлого боловсруулах бүх шатны байгууллагын төлөөллөөс бүрдсэн штаб юм. Үндэсний тандалт судалгааны команд штаб нь байгалийн гамшгаас хамгаалах, биологи болон химийн хордлогоос сэргийлэх, хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулах эдгээр томоохон гамшгуудаар мэргэшсэн алба хаагчдаас бүрддэг. Халдварын хүрээнд бүх нийтийг хамарсан уулзалт, тоглолтыг бүрэн цуцалж, хяналт тавих үүргийг хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн.
2. Орчин үеийн дэвшилтэт технологи
Өвчний хяналт сэргийлэлтийн төв халдварын зовуур илэрсэн иргэдэд 24 цагаар хиймэл оюун ухааныг ашиглан зөвлөгөө, мэдээлэл өгч байршлыг тогтоон тухайн байршлыг хариуцсан цагдаа, эрүүл мэндийн байгууллагуудад мэдээллийг тасралтгүй илгээн 8 цагийн дотор иргэнийг хөнгөн шинж тэмдэгтэй бол гэрт нь тусгаарлан эмчилж, явуулын эмнэлгийг ажиллуулж байсан нь үр дүнгээ өгсөн. Гэрийн эмчилгээ, тусгаарлалтад байгаа иргэддээ мобайл технологийг ашиглан нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар зөвлөгөө өгч, хяналтын хуудсыг цахимаар бөглөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдсэн порталд бүртгэж байв.
3. Маскны масс үйлдвэрлэл
Тайванийн маск үйлдвэрлэлийн компаниуд дэлхийн нийт маскны зах зээлийн 14%-ийг дангаар хангадаг бөгөөд цар тахлын үед Засгийн газраас өгсөн хүсэлтийн дагуу экспортоо зогсоож, зөвхөн дотоодын зах зээлээ хангах зорилгоор өдөрт 23 саяас дээш тооны маскыг үйлдвэрлэн эрүүл мэндийн даатгалын картаар үнэгүй тараав. Маскны зардлыг төрөөс бүрэн хариуцан компаниудад санхүүжилт өгсөн.
4. Иргэдийн ухамсар
Өвчний хяналт сэргийлэлтийн хороо ард иргэддээ 2 метрийн зай барьж, амны хаалтгүйгээр уулзалт зохион байгуулахгүй байх, явсан маршрутаа байнга программд тэмдэглэж байхыг хичээнгүйлэн хүссэн ба иргэдийн ухамсар өндөр энэ улсад иргэд зөвлөмж, зөвлөгөөг ягштал мөрдөж, хатуу хөл хорио тогтоохгүйгээр халдварыг тогтоон барьсан юм.
5. Тайванийн телевиз, сайт, сонины холбоодын хамтын ажиллагаа
Телевизүүдийн холбоо нь цаг тутамд иргэдэд халдвараас сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох 20-60 секундын зөвлөмжүүдийг түгээсэн. Үндэсний нийгмийн сүлжээний хамгийн олон хэрэглэгчидтэй LINE платформ халдварын тандалтын хуудсыг оруулж, иргэд өдөр бүр тандалтын хуудсыг бөглөн явуулахад иргэний үйлчлүүлдэг эмнэлгийн мэдээлэл технологийн албанд мэдээлэл хүргэгдснээр халдварын сэжигтэй тохиолдлуудыг хянаж чадсан.
22 сая хүнтэй, газар нутгийн хэмжээгээрээ Төв аймагтай дүйцэх Тайвань улс дэлхий дахиныг цочроосон энэхүү халдварын хүрээнд 1000 гаруй тохиолдол, 11 нас баралтаар давсан нь бусдаас ялгарсан орчин үеийн техник технологийн дэвшлийг амжилттай ашигласан явдал юм. Яагаад бүх түвшиндээ ажил хэрэг өрнөж амжилтад хүрч чадав…Нууц байгаа гэж үү.. нууц байхгүй. Засаглал, системийн зөв зохион байгуулалт, авилгал, хүнд сурталгүй төрийн үйлчилгээ, иргэдийн ухамсар л цар тахлыг давах хөдөлгөгч хүч болсон юм. Тайванийн гамшгийн үеийн команд штаб нь байгалийн гамшиг, эм, химийн бодисын хордлого, нийтийг хамарсан осол гэмтэл, халдварт өвчний үеийн багуудтай бөгөөд баг бүрийг мэргэжилдээ гаршсан эрдэмтэд, мэргэжилтнүүдээр бүрдүүлж ердөө 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ.
Эдгээр хүмүүс өвчний хяналт сэргийлэлтийн төв нийт эмнэлэг, цагдаа, төрийн байгууллагуудыг удирдан үйл ажиллагааг зохион байгуулж, Засгийн газар шаардлагатай төсөв санхүүг бүрдүүлж өгснөөр цар тахлыг амжилттай даван сүүлийн 5 сард нэг ч халдвар дотооддоо алдалгүй зөөвөрлөгдсөн тохиолдлууд л бүртгэгджээ.
Тайванийн Эрүүл мэндийн даатгалын системийн нэгдсэн платформ нь иргэний эмчлүүлсэн түүх, эмийн бүртгэл, даатгалын мэдээлэл, гэр бүлийн нэгдсэн мэдээллүүдийг бүгдийг багтаадаг ба Эрүүл мэндийн тусламжийн систем нь шатлалгүй бөгөөд төрийн болон хувийн өмчийн бүх эмнэлгүүд нэгдсэн системд нэгдсэн байдаг. Энэхүү системийн нууцлалын хяналтыг мэдээлэл аюулгүй байдлын төв, цагдаа, зэвсэгт хүчний бүртгэлийн газрууд хариуцан цар тахлын үеийн хавьтал, иргэний маршрутыг хиймэл оюун ухааны тусламжтай боловсруулан, халдвартай иргэн явсан үйлчилгээний газар, төрийн байгууллагуудад автоматаар мэдээлэл очин тухайн байршлыг 24 цагийн дотор ариутган халдваргүйжүүлж байсан нь халдварын хяналт сайн байсныг илтгэнэ.
Тайванийн эрүүл мэндийн системийн онцлогоос шалтгаалан манай улстай ижил Халдвартын эмнэлэг байхгүй бөгөөд ковид-19 өвчний үед эрчимт эмчилгээ шаардлагатай иргэнийг өөрийн хүсэлтээр өөрийн үйлчлүүлдэг эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчилж, эмч ажилтнуудын ажлын цагийг 8 цагаар тогтоон, 1 хоногт 3 ээлжээр өвчтөнүүдийг эмчилж байсан нь эмч, ажилтнуудыг халдвараас сэргийлэх, мөн эмч нарт зориулан сэтгэл зүйчдийг ажиллуулсан нь халдварыг амжилттай давах хөшүүрэг болгосон юм.
Тайванийн Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн холбоо эмч, эмнэлгийн ажилчид долоогоос бага цагийн нойр авсан тохиолдолд алдаа гаргах магадлал 6-11% нэмэгддэг болохыг Халдварын сэргийлэлтийн төвд танилцуулж, үйлдвэрчний эвлэлийн холбоо илүү цагаар ажиллуулалгүй ухаалаг ээлжийн тогтолцоо нэвтрүүлэхийг санал болгосноор халдвараар нэг ч эмч, эмнэлгийн ажилтан өвдөөгүй юм.