МУИС-ийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар: Монгол судлалын үндэсний төв анх 2014 онд УИХ-ын тогтоолоор Ерөнхий сайд ахалж Монгол судлалыг хөгжүүлэх, бодлого зангидах зорилготойгоор орон тооны бус байгууллага байгуулсан. Одоо бол сайдаар ахлуулсан БШУ яамны дэргэд зөвлөл ажилладаг. Энэ төвийн үндсэн үүрэг бол ердөө Монгол судлалын хөгжлийг хангаж ажиллах ялангуяа зөвхөн дотоод төдийгүй гадаад Монгол судлалыг хөгжүүлэх чиглэл дээр төрийн бодлого боловсруулж ажиллах үүрэгтэй байгууллага байгаа. Энэ хүрээнд жил бүр Монгол улсын БШУ-НЫ яамны төсөвт Монгол судлалыг дэмжих үйл ажиллагаа нэртэй тодорхой санхүүжилтийг тусгаад тэр санхүүжилтийг гадаадад байдаг Монгол судлалыг хөгжүүлэх, Монгол судлалын цар хүрээг өргөжүүлэх, залуу үеийг бэлтгэх, Монгол судлалаар дамжуулж Монгол орон хийгээд Монголчуудын ахуй амьдралыг сурталчлан таниулах чиглэлийн үйл ажиллагааг зангидаж явдаг. Үндсэндээ өдөр тутмын үйл ажиллагаа биш бодлого зохион байгуулалтын ажлын гүйцэтгэдэг нэгж юм.
Монгол улс дэлхийн улс орны анхаарлыг татаж байсан одоо ч татаж байгаа хэд хэдэн хүчин зүйл байгаа.
Нэгдүгээрт: Бидний үүх түүх. Энэ дэлхийд өмнө нь оршин тогтнож байсан улс орны хувьд дэлхийн хэмжээний улс орон байгуулсан түүхтэй улс цөөн байдаг. Үүний нэг том жишээ бол Монгол улс юм. Бидний түүх соёл зөвхөн Монголын хилийн дээсэн дотор яригдах биш Монголын хилээс цаашлаад дэлхийн хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд яригдах хэмжээний агуу үүх түүхтэй орон. Тэр ч үүднээс дэлхийн улс орнууд эзэнт гүрний үүх түүхийг судлах, нөгөө талаар өөрийн улсын үүх түүхийг судлахад Монголын түүхтэй холбогдоод явчихдаг ийм үндэслэл байна.
Хоёрдугаарт: Монголчууд бол ахуй амьдрал хэвшлийн хувьд дэлхий ертөнцийн суурьшмал иргэншлийн хажууд зэрэгцэн оршиж байгаа нүүдлийн өвөрмөц соёлтой ахуй амьдралын хэвшилтэй ард түмэн. Энэ нь суурин амьдралын хэв маягтай улс үндэстний анхаарлыг их татдаг. Өөрөөр хэлэх юм бол бидний бусдаас ялгарч байгаа тэр соёл, өнөөг хүртэл даяаршлын их салхинд уусаж алга болоогүй соёлын дархлаа байдал зэрэг нь улс үндэстний анхаарлыг их татдаг зүйл юм.
Гуравдугаарт: Сүүлийн үед Монгол орон нээлттэй орон болсон. Монгол улсруу бизнес эдийн засгийн чиглэлийн, манай улсад бизнес эрхлэх сонирхолтой томоохон компаниуд. Эдгээр компаниуд бизнес хийх гэж байгаа орон нь хууль эрх зүйн хувьд ямар тогтолцоотой юм, эдийн засгийн байдал нь ямар юм, хүн зон олны сэтгэлгээ нь ямар болох, төр улсын тогтолцоо ямар юм гэх зэргээр энэ талаас нь сонирхох хандлага гуравдагч хүчин зүйл болж байгаа юм.
Бидний хамгийн гол зүйл
Нэгдүгээрт: Дипломат замаар, соёлын замаар энэ дэлхий ертөнцөд Монгол гэж тусгаар улс байдаг юм. Энэ улсын хүн амыг Монгол гэдэг үндэстний цөм бүрдүүлдэг юм. Тэр үндэстэн тусдаа ярьдаг хэлтэй, өөрсдийн гэсэн өвөрмөц соёлтой,хоёр эх гүрний дунд хилээр зааглагдсан, яг адил тэгш бие даасан улсын харилцаатай ийм улс байдаг гэдгийг дэлхий ертөнцийн олон оронд таниулж, дэлхий ертөнцийн хэдий чинээ олон хүн бидний тухай мэднэ төдий чинээгээр бидний оршхуйн дархлаа бэхжинэ. Энэ хамгийн том асуудал.
Хоёрдугаарт: Дэлхий ертөнцийн бага жижиг хүчтэй хүчгүй баян ядуу ямар ч улс үндэстэнд нэг зорилго байна. Өөрсдийгөө аль болох дэлхий ертөнцөд бүрэн таниулж байх, өөрсдийн соёлыг аль болох бүрэн түгээж байх, тэр хэмжээгээр түүнийг дагасан эдийн засаг улс орны хөгжил дэвшлийн асуудал хөндөгддөг. Мөн давхар өөрсдийн хэл соёлоор дамнасан үндэсний дархлааны асуудлыг давхар бэхжүүлдэг хүчин зүйл байгаа. Бид гадаад ертөнцөд Монгол судлалаар дамжуулж өөрсдийгөө зөв байршуулах, өөрсдийгөө зөв таниулах түүнийгээ дагаад бид оршихын дархлааг улам бэхжүүлэх асуудал бол Монгол судлалын төвийн амин сүнс тулгуур хөгжлийн гол асуудал юм.
Монгол судлалын үйл ажиллагааг өмнө Туркийн Истанбулын их сургуульд байгуулсан, мөн Италийн Венецийн их сургуульд зэрэг гурван сургуульд байгуулсан. Цаашлаад АНУ-ын том сургууль болох “Пенсильван” их сургуульд Монгол судлалын алдартай профессор тэнд ажиллаж байна. Тэнд Монгол судлалын зангилаа асуудлыг шийдэх чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж бид хамтран ажиллах чиглэлийг өнгөрсөн жил төлөвлөгөөндөө тусгаад явсан. Харамсалтай нь цар тахлын улмаас зарим хамтран ажиллахаар төлөвлөсөн ажил маань түр саатаад байна. Гэхдээ энэ нь зогсож байгаа гэсэн үг биш Монгол судлалын гадаадын нэр хүндтэй их сургуулиудаар байгуулах тэнд соёлыг заан түгээх үйл ажиллагаа бол ямар ч төрийн үед үл тасрах, мөн тасалж болохгүй үйл ажиллагаа байх ёстой гэж үздэг. Тэр ч үүднээс Монголын үе үеийн засгийн газар Монгол судлалыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр далайцтай их санхүүжилт хийхгүй байгаа ч гэсэн Монголын төр засгаас анхаарч байгаа шүү гэдэг бодлогоо илэрхийлэхүйц хэмжээний бодитой дэмжлэг үзүүлж түүнд нийцүүлсэн төсөв санхүүг батлаад явдаг асуудал их чухал гэдгийг хэлэх нь зүйтэй. Ер нь цаашлаад бид Монгол судлал гэдгийн цар хүрээг зөвхөн хэл, соёл түүх гэж харахгүйгээр Монголын орчин үеийн нийгэм улс төр хууль эрх зүй, эдийн засаг энэ цар хүрээгээр өргөжүүлж харах асуудал их чухал байгаа өөрөөр хэлэх юм бол өнөөгийн Монголын эдийн засаг ямар байна , эрх зүйн тогтолцоо маань ямар байна, улс төрийн тогтолцоо ямар байна гэдгийг өөрсдөө судлаад гаргах нэг асуудал, биднийг гаднын цонхоор харсан судалгааг сонирхож үзэх бас нэг өөр асуудал. Тэгэхээр бид энэ чиглэл дээр анхаарч ажиллах ёстой гэж бодож байгаа.