Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Монгол хэлний хуулийн хэрэгжилт, зөв бичих дүрэм” сэдвээр мэргэжлийн хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Иргэдийн дунд зарим үгүүдийн бичиглэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдөөд байна, эрдэмтэд монгол хэлний дүрмээр тоглолоо гэсэн шүүмжлэлүүд гарч байна. Тэгэхээр Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдсөн үү? Асуултын хариултыг хэлэлцүүлгээс үзнэ үү.
Зочин:
- Ч.Баттулга
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн
- Э.Пүрэвжав
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрхлэгч
- МУИС-ийн ШУ-ын сургуулийн захирал Д.Заяабаатар
- Р.Энхбат
“Мон судар” ХХК-ийн захирал
Онцлох эшлэлээс хүргэж байна
“Мон судар” ХХК-ийн захирал Р.Энхбат:
- Монгол хэлний нэгдсэн бодлого байхгүй байснаас зөв бичих тал дээр бид зохиолчид болон харилцагчидтай маш их хэрүүл маргаан үүсдэг. Монгол хуучин бичигт ингэж бичдэг байсан учраас би номоо ингэж л хэвлүүлнэ гэж маргадаг. Магадгүй тэр нь хэвлэлийн алдаа юм шиг ч харагдах магадлалтай.
Нэгдсэн бодлогогүй явж ирснээс иргэд зөв бичиж чадахгүй, золиос болж байна.
- Үгийг зөв буруу бичихийг журамлана гэдэг бол Монгол хэлэнд оршиж байгаа асуудлуудын хамгийн энгийн асуудал. Бидэнд Монгол хэлээ хөгжүүлэх, дунд сургуулийн монгол хэлний сурах бичгийн агуулгыг сайжруулах зэрэг хийх ажил, шийдэх асуудал маш их байна.
- Эргэлзээтэй бичиглэлтэй үгүүдийг журамлах ажил 2011 онд эхэлсэн. Германд Дудин гэдэг 100 гаруй жил ажиллаж байгаа хувийн хэвлэлийн газар байдаг. Тэд анх зөв бичгийн толь гаргаад тэрийг нь улсынхаа хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн толь болсон. Бид тэрнээс жишээ аваад 2011 онд ойролцоо байгаа хэлний тэргүүний гэх хүмүүсийг цуглуулаад , компани дээрээ авч ирээд Монгол хэлний зөв бичих журамласан толь хийсэн. Манай журамласан толь гарснаас хоёр сарын дараа тухайн үеийн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр эрдэмтдийг дуудаж дахин шинээр журамласан толь гаргасан.
Хийсэн ажлыг дахин өөрчилсөн гэсэн үг. Бөжин, авилга, цоморлог, сурвалжилга, байцаа гэх мэт олон үгийг тэр толиор журамласан.
Үзэл бодлын зөрүү байж болно. Үүнийг шийдэж байгаа төр маань өөрөө ажлыг дахин дахин өөрчлөөд байхаар иргэд хохирогч болох нь гарцаагүй.
- Одоо асуудлыг нэг мөр шийдээд Монгол хэлээ хөгжүүлэх бусад ажилдаа анхаармаар байна. Гадаад үгүүдийг яаралтай журамлах ажлаа хийгээч ээ. Жишээ нь QR код, оффшор, попрох зэрэг үгүүдийг яаж бичих журам байхгүй. Хүн бүр өөр өөрийнхөөрөө бичээд явж байна. Шинэ үг гарах бүрд яаралтай журамлаад явах хэрэгтэй байна.
- Манай хэвлэлийн компаниас баланс, аллерги зэрэг үгүүдийг Хэлний бодлогын үндэсний зөвлөл рүү явуулсан. Одоо хүртэл хариу ирээгүй байна.
- Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2018 онд гаргасан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бөөн алдаатай. Би алдааг нь энд гаргаад жигсаачихсан байна. Бид өөсрдөө энэ толь бичгийн алдаа засаад сайжруулаад толь бичиг гаргасан. Гэтэл хувийн хэвшлийнхний хийсэн ажлыг үргэлж үгүйсгэж, ашгийн төлөө ажиллаа гэдэг. Төр хийхгүй байгаа учраас бид хийж байна.
- Ямар нэг ажлыг олон эрдэмтэн хийхээр сайн болчихдог гэсэн буруу ойлголт байдаг. Хөтөлбөр дээр ч тэгж харагддаг. Олон эрдэмтэн оролцох тусмаа маргаан их гаргдаг. Ц.Дамдинсүрэн зөв бичих дүрмийг ганцаараа хийсэн. Хамгийн сайн хүн нь хийгээд бусад нь хүлээн зөвшөөрөөд явах хэрэгтэй. Монгол хэл, зөв бичих дүрмийн ажлуудын мөнгөний ажил байж болохгүй.
- Хэл бол амьд байх ёстой. Үүн дотроо дүрэм журам нь мөн амьд байх ёстой. Цаг үеийн хөгжил өөрчлөлтийг дагаад хэл хөгжих ёстой. Өнөөдөр Дамдинсүрэн гуайн дүрэм дээр буцаад бууж байна гэдэг бол манай Монгол хэлний хөгжил явагдахгүй байна гэж үзэж байна.
- Хэл соёлоо хамгаална, шүтнэ, тахина гэхээс илүү бид хэлээ хөгжүүлэх, бүтээлчээр хандаж авч явмаар байна.
- Монгол бичгийн асуудал ярьж байгаатай холбогдуулаад ер нь бид хэрэгжихгүйг нь мэдсээр байж хууль зарлиг гаргадаг. Монгол хэлэнд өнөөдөр тулгарч байгаа хамгийн том бэрхшээл юу гэдгээс ажлаа эхлэх ёстой. Энэ бол Монгол бичиг рүү орох, энэ хэдэн үгийг цэгцлэх ерөөсөө биш. Хамгийн гол асуудал бол Монгол эх хэлний боловсролыг яаж урьд өмнөхөөс иилүү өөрчилж дараагийн шатанд гаргах вэ гэдэг ажил. Бид Монгол хэлний хичээлийн агуулгыг сайжруулах ёстой. Маш олон танин мэдэхүй олж мэддэг ийм сонирхолтой хичээл болгож өгөх ёстой.
- Бид 5-6 жилийн өмнө төр засгийн бодлогод итгээд Монгол бичгийн сурах бичиг хийж эхэлж байгаад таг зогссон. Яагаад зогссон бэ гэхээр Сургуулиудын үзэж байгаа Монгол бичгийн сурах бичиг ямар агуулга үздэг вэ гэхээр эртний ном судар, зүйр цэцэн үг, хуучин Монгол бичиг судалдаг хүний төвшинд бага ангийн хүүхэд болон дунд ангийн хүүхэд явж байна.
- Хэрвээ хуучин Монгол бичгийг өдөр тутмын амьдралд хэрэглэх гэж байгаа бол өнөөдөр тэдний нүдэнд харагдаж гарт баригдах сонирхолтой агуулгуудаар дамжуулж хүүхдэд Монгол хэл бичгийг хүргэнэ үү гэхээс зүгээр зүйр цэцэн үг цээжлүүлэх гэх мэт агуулгаар хэлбэрээр явж болохгүй. Эх хэлний боловсролыг сайжруулах гол зүйл бол Монгол хэлээ хөгжүүлэхийн тулд маш их агуулгын Монгол хэлний хичээлрүү оруулж өгөх ёстой. Үүнийг ярьж хуульчилж өгөөсэй гэж хэлмээр байна.