Засгийн газар, УОК-ын өргөтгөсөн хуралдаан дээр өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээллээ.
Тэрээр, "COVID-19"-ийн халдварын цар тахлаар 12 дугаар сарын 8-ны байдлаар дэлхийн 218 улсын 66.4 сая хүн халдвар авч, 1.5 сая хүн эндээд байна. Монгол Улсын хувьд мөн өдрийн байдлаар 8808 тохиолдол бүртгэгдэн батлагдсанаас зөөвөрлөгдсөн тохиолдолд 383, дотоодын халдвараар 505 хүнийг бүртгээд байна. Тэдгээрээс 384 хүн эдгэрч, клиникт 495 хүнийг эмчилж байна.
"COVID-19"-ийн халдварын батлагдсан тохиолдлыг аймаг, нийслэлээр авч үзвэл: Улаанбаатар хотод 128, Архангай аймагт 3, Говь-Сүмбэрт 4, Дархан-Уулд 45, Дорноговь аймагт 31, Орхон аймагт 25, Сэлэнгэ аймагт 204, "Энхсаран" тусгаарлалтын байрнаас 49, ХӨСҮТ-д 13, Цэргийн төв эмнэлэгт 3 тус тус бүртгэгдээд байна.
Өчигдрийн байдлаар нийт дүнгээр, давхардсан тоогоор 557 мянга 832 иргэнд "COVID-19"-ийн шинжилгээг хийгээд байна. Түргэвчилсэн шинжилгээд 294 мянга 336 хүнд, PSR-ийн шинжилгээг 262 мянга 742 хүнд, бусад шинжилгээг 754 хүнд хийж хамруулаад байна.
Өнгөрсөн хугацаанд "COVID-19"-ийн халдварын анхны тохиолдол дотоодод илэрч бүртгэгдсэн 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор УОК-ын хуралдааныг 6 удаа, Ажлын хэсгийн шуурхай хуралдааныг 28 удаа зохион байгууллаа. Мөн УИХ-ын нэгдсэн хуралдаан 1 удаа, мөн АН-ын бүлгийн болон засгийн газрын хуралдаанд 6 удаа тайлан мэдээллийг оруулан хийж, шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.
Шадар сайдын болон УОК-ын даргын шийдвэрээр нийтдээ 20 ажлын хэсэг байгуулан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь аймаг болон Замын -Үүд, Эрээнцав, Цагааннуур, Алтанбулаг тусгаарлах байруудад ажлын хэсэг байгуулан ажиллалаа.
УОК-ын дэргэд эрдэмтдийн болон бизнесийн зөвлөх баг гарган, МҮХАҮТ, "Онон" сангийн эрдэмтдийн зөвлөл, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын санал санаачилгын аван нэгтгэн ажиллаж байна.
Хүнсний хангамжийг тогтворжуулах зорилгоор 150 мянган тонн улаан буудай импортоор авна.
Засгийн газрын 2020 оны 178, 181, 194 дүгээр тогтоолын дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилсэнтэй холбогдуулан аймаг, нийслэлд бүртгэсэн халдварын тохиолдлуудыг эрт илрүүлж, эрэмблэн тусгаарлах, ажиглах, хөл хориог хязгаарлах дэглэмийг мөрдүүлэх, бусад зохион байгуулалтын тогтворжуулах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Салбаруудаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг товч мэдээлвэл, хүн амын хүнсний хангамжийг тогтвортой байлгах чиглэлээр: энэ хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиудыг УИХ-ын нэгдсэн чуулганаар батлууллаа.
Ингэснээр бүх төрлийн будаа, ургамлын тос, хүнсний улаан буудай, улаан буудайн үр, мал, амьтны бүх төрлийн тэжээл өвсийг энэхүү татварын хүрээнд хөнгөлөн чөлөөлж байна. Мөн хүнсний хомсдол үүсэх, үнэ өсөж, хөөрөгдөхөөс урьдчилан сэргийлж, хангамжийг тогтворжуулж, аюулгүй байдлын нөөцийг бүрдүүлэх зорилгоор 150 мянган тонн хүнсний улаан буудайг импортоор авах, түүнд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр шийдээд байгааг мэдээллээ.
Мөн хүнсний хангамжийг тогтворжуулах нэмэгдүүлэх үүднээс нийслэлийн 6 дүүргийн 22 байршилд, 14 ААН-ийн 400 тонн махыг худалдан борлуулав. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт мөн 300 тонн нөөцийн махыг худалдаад байна. Хот суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээ, хангамж одоогоор тасалдаагүй байна.
ЖДҮ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн шууд болон арилжааны банкуудаар дамжуулан олгосон үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хойшлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
ХНХЯ-ны чиглэлээр энэ хугацаанд нийт 313.8 мянган иргэнд 33.6 тэрбум төгрөгийг Халамжийн сангаас, 44.3 мянган өрхийн 242 мянган иргэнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон, 1.2 сая хүүхдэд 124 тэрбум төгрөгийн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүрэн олгоод байна.
Нийгмийн даатгалын сангаас 446.4 мянган тэтгэвэр авагчид 185 тэрбум төгрөгийг олголоо. Иргэдийг картжуулж, дансжуулах хүрээнд 60 мянган иргэнийг хамруулж, 49 мянган иргэнд банкны карт олгоод байна. Зорилтот бүлгийн 32.6 мянган өрхөд хүнсний дэмжлэг болгон 11.2 мянган өрхөд хүсний бус дэмжлэгийг үзүүлээд буйг мэдээллээ.