Монгол улсын 2021 оны төсвийг УИХ өнөөдөр цахимаар хэлэлцэж эцэслэх батлах гэж байна. Өрөг.мн сайтын Өрөг хэлэлцүүлэг “МУ-ын 2021 оны төсвийн төслийн тэвчиж болох зардлууд” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Зочноор:
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
- Эдийн засагч Ч.Отгочулуу
- Иргэн Б.Цогтгэрэл
- Сангийн яам, эрх барьж байгаа намын гишүүдээс урьсан боловч ирсэнгүй.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
“УИХ дээр төсөв батлах процесс маш хаалттай байна”
- Төсөв гэлтгүй аливаа мөнгөтэй холбоотой зүйлд өгөөж гэдэг ойлголт заавал хамт явдаг. Бизнес дээр бол өгөөжийг үр ашгаар ярьдаг.
Гэтэл манай улс төсөв батлахдаа өмнө нь ч, одоо ч төсвийн өгөөжийг огт тооцдоггүй. Төсвийн хэлэлцүүлэг дээр өгөөжийн тухай яриа огт өрнөхгүй байна. Өгөөж гэдэг бол бидний зарцуулж байгаа мөнгө эргээд мөнгөн болон мөнгөн бус байдлаар бидэнд үр ашгаа өгдөг байх ёстой.
- “Төсөв батлах процесс УИХ дээр хэлбэр төдий хэлэлцүүлэг явсан болоод өнгөрч байна. Монгол улсын төсвийг юунд зарцуулах вэ гэдэг маш чухал шийдвэрийг гаргах гэж байж хаалттай баталж байна.”
Уг нь бол иргэдээр, баг хороогоор, иргэний танхимаар хэлэлцүүлж байж батлах ёстой байдаг юм билээ. Энэ хэлэлцүүлэг өрнөсөн үгүйг мэдэхгүй байна. Сангийн яамнаас хаалттай төсөв орж ирээд, хэлэлцсэн болоод л баталдаг.
- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтээр төсөв батлахад УИХ-ын оролцоо багасчихсан. Төсвийн дүнг өөрчлөх боломжгүй, төсөл хөтөлбөрийг шинээр нэмэх бараг боломжгүй. Хэрэв нэг зардал нэмэхээр болбол нөгөө талд нь бодитой үндэслэл гаргаж байж хасах болдог зэрэг байдлууд нь ялангуяа сөрөг хүчний хувьд бүр л хаалттай болж байна.
- Төсөв батлах үед УИХ-ын гишүүдийг зөвхөн төсөвт анхаарал хандуулах боломж олгодоггүй. Зэрэг зэрэг маш олон хуулиудыг хэлэлцүүлдэг. Үүнийг төсвийн хэлэлцүүлгийг сатааруулж байна уу гэмээр.
- Гишүүд тойрогтоо л мөнгө батлуулах гэж эдийн засгаа том зургаар нь харж чадахгүй байна гэдэг манай сонгуулийн тогтолцоо буруу явж ирснийх.
- Эрх баригч улс төрчид манай эдийн засаг том зургаараа зөв яваад, өсөөд байгаа юм шиг ойлголтыг иргэдэд үргэлж өгдөг. Гэтэл төрийн ордонд орж ирээд төсвийн хувиаарилсан тоог харахад л үнэхээр хэцүү болчихсон нь харагдаж байна. Манай эдийн засгийн доллараар олж байгаа орлогын 95 хувь нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай. Тэнд нь хүн амыг 3-4 хувь нь л ажилладаг. Тэндээс орж ирсэн мөнгөөрөө Төрийн өмчийн компани, төрийн байгууллагаа тэжээгээд, хүн амын гуравны хоёр хэсгийг халамжаар тэжээгээд сууж байдаг. Магадгүй түүхий эдийн үнэ унахад, Хятад улс төрийн шалтгаанаар хилээ хаахад манай эдийн засаг дампуурлын ирмэг дээр ангал руу унахад бэлэн байна. Уул уурхайн бус экспортын салбараа нэн яаралтай тодорхойлж, хөгжүүлэх хэрэгтэй байна.
- Бүтээмж гэдэг эдийн засгийн чухал ойлголт байдаг. Манайд уул уурхайн салбарт ажиллаж байгаа нэг хүн жилдээ 60-80 сая долларын бүтээмж үйлдвэрлэдэг, дараа нь харилцаа холбоо банканд ажиллаж байгаа хүн жилд 50- 60 сая долларын бүтээмж үйлдвэрлэдэг. Бусад салбар нь дунджаар 15 сая долларын л бүтээмж үйлдвэрлэдэг. Улсынхаа бүтээмжийг нэмэгдүүлмээр байна.