Хичээлийн шинэ жил эхэлсэн үеэс Улаанбаатар хотын хэмжээнд автомашины түгжрэл эрс нэмэгдэж, 3-4 цаг гацах нь хэвийн үзэгдэл болж, нийслэлчүүд зам дээр хонох нь холгүй болж байна. Энэ асуудлыг өнөөдөр нийслэлийн Засаг даргын хуралдаанаар хэлэлцэж, шийдэл гарц хайлаа.
Түгжрэл үүсэх болсон шалтгааныг нэгдүгээрт, авто замын сүлжээ хангалтгүй, нийтийн тээвэр хүртээмжгүй, авто зогсоол дутагдалтай, моторт бус тээврийн хэрэгсэл хөгжөөгүйтэй холбож байна.
НЗХТЗИГ-ын дарга С.Энхтөр, “Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 604800 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй ч техникийн улсын үзлэгт хамрагдаагүй 340 мянган автомашин байна. Энэхүү тээврийн хэрэгслийн 65 хувь нь буруу талдаа хүрдтэй автомашин эзэлдэг бол 70 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Замын тээврийн осолд орж, сэлбэгийн зориулалттайгаар импортлогдсон байтлаа улсын дугаар авч хөдөлгөөнд оролцдог автомашин тодорхой хувийг эзлэх болсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн жолоочид 2015 оноос бэлэн бусаар торгууль ногдуулдаг болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 4.5 сая удаагийн торгууль ногдуулснаас 2.6 сая тохиолдлын торгууль төлөгдөөгүй. Одоогоор 10-аас дээш торгууль авсан 63009 тохиолдол байна. Нийслэлийн хэмжээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 72450 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдсэн. Энэ нь өдөрт автомашины урсгал 210-230-аар нэмэгдэж орж ирж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа. Олон улсын жишгээр 1 сая хүн амтай хотод 1000 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явах ёстой. Улаанбаатар хотын хүн ам 1.6 саяд хүрсэн ч 903 том оврын автобус үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, 500-600 том оврын автобус нэмж үйлчилгээнд гаргаж байж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Иймээс яаралтай том оврын автобусны тоог нэмэх, дугуй замыг нэмэгдүүлэх, зөрчилтэй жолооч, зөрчилтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дээр хяналт тавьж ажиллах, ажлын цагийн уян хатан зохицуулалт хийх зэрэг арга хэмжээ авах шаардлага үүсч байна” гэлээ.
Мөн ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан, “Одоо байгаа тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотдоо багтахаа байсан. Түгжрэл үүссэний дараа гал унтраах, түргэн тусламж үзүүлэхэд хүндрэл учирч байна. Энэ жил автомашины зургаан сери задарч, 55,9 мянган тээврийн хэрэгсэл шинээр хөдөлгөөнд оролцож байна. Өдөрт 100 мянган тээврийн хэрэгсэл зогсоогоод байхад түгжрэл буурахгүй байна. Одоо энэ намар, өвлийг яаж давах вэ гэвэл ажлын таван өдөр ч автомашинаа тэгш, сондгойгоор явуулаад үзэх. Албадлагын арга хэмжээ авч болох ч иргэдээсээ асуух нь зөв гэж үзэж байна. Зоригтой шийдэл хэрэгтэй. Ойрын хугацаанд авах арга хэмжээ үүнээс өөр байхгүй. Судалгаа хангалттай байна. Гадаадынх ч байна, дотоодынх ч байна. Хийгээгүй судалгаа алга” гэв.