Шинэ төрлийн коронавирусын халдвар манай улсад гуравдугаар сарын 9-нд анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш 13 тохиолдол бүртгэгдэж, нийт 14 болсон. Халдвартай нь тогтоогдсон 14 хүний гурав нь гадаад улсын иргэн, үлдсэн 11 нь тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэд байсан юм. Харин хоёр хүн бүрэн эдгэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн билээ.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд Дархан, Сэлэнгэ аймагт тус бүр нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, ажиглалтад авчээ. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан эмэгтэй Энэтхэг, Турк, БНСУ-д аялаад ирсэн. 14 хоног тусгаарлах байранд байж, ажиглалтын хоног дуусаж, гэртээ харьсан даруй сэжигтэй шинж тэмдэг илэрсэн байна. Түүнийг Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан бөгөөд нэгдүгээр хавьтал болох долоон хүнийг мөн тусгаарлажээ. Дархан-Уул аймагт сэжигтэй нэг иргэнийг тусгаарласан нь ОХУ-аас ирсэн оюутан. Хилээр нэвтэрсэн даруйд тусгаарлах байранд оруулсан тул хавьтал байхгүй аж.