
Философич С.Молор-Эрдэнийг Тагнуулын ерөнхий газраас саатуулан шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой зүйл заалтад үндэслэн “хэргийн нотлох баримтыг устгаж” болзошгүй гэж үзэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. Дээрх асуудалтай холбогдуулан иргэд өөрсдийн байр сууриа илэрхийлж эхлээд байна.
Хэргийг эргэн сануулбал, наймдугаар сарын 13-ны өдөр Tomooko Stomach хуудсаар цацагдсан подкаст нэвтрүүлэгт Философич С.Молор-Эрдэнэ зочноор оролцох үедээ “Монгол Ул гэж байхгүй. Монгол гэдэг нь зүгээр л хоч” гэх мэт зүйлүүдийг ярьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, улмаар хууль хяналтын байгууллагаас түүнийг шалгаж эхэлсэн юм.
Энэ асуудлаар цахим хуудсаараа өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлсэн иргэдийн байр суурийг хүргэж байна.
Иргэн н.Ариунтуяа: Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэх гэмт хэргийн зохицуулалтыг улс төрийн зорилгоор хэт өргөн хүрээнд тайлбарлаж, хүссэн хүнээ шалгах, дарамтлах, намнах хэрэгсэл болгоод гаршчихлаа шүү.
Хуульч, судлаач, эрдэмтэн, докторууд төдийгүй хууль тогтоогчид хүртэл энэ зүйл ангийг эргэн харж, яг ямар үйлдэл, ямар нөхцөл “үндэсний эв нэгдлийг бусниулсан” гэмт хэрэгт тооцогдох вэ гэдгийг аль болох тодорхой болгох шаардлагатай байна.Үзэл бодол гэмт хэрэг биш. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлж буй арга, хэлбэр нь маш чухал.
Иргэн Б.Пүрэвсүрэн: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан. Тэгвэл яагаад С.Молор-Эрдэнэ гэх хүний үзэл бодлынх нь төлөө цагдан хорих болов хэмээн олон нийт гайхаж буй бололтой.
Энд нэг чухал ялгаа, заагийг салгаж ойлгох хэрэгтэй. Хуулийн дээрх заалт нь хүн үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх эрхийг хамгаалж буй болохоос үзэл бодлоо илэрхийлэхдээ хийсэн аливаа үйлдэл, арга хэлбэрийг шууд зөвтгөж байгаа хэрэг биш.
Өөрөөр хэлбэл, үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхүүд нь холбоотой мэт боловч хоорондоо өөр эрх зүйн үр дагавар үүсгэнэ. Олон улсын хүний эрхийн стандартад тавигддаг шалгуураар ч үзэл бодлоо илэрхийлэх эрх нь тодорхой нөхцөл, хязгаарлалттай байдаг. Тиймээс үзэл бодлоо илэрхийлсэн аливаа үйлдэл ямар ч тохиолдолд эрүүгийн хариуцлагаас ангид байна гэж шууд ойлгож болохгүй ээ гэжээ.










