
Монгол Улс 2027 оны төсөв 41 их наяд төгрөг байхаар тооцсон. Харин татварын орлогоос 33 их наяд 5.1 тэрбум төгрөгийг төсөвд төвлөрүүлэхээр тооцжээ. Энэ нь 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 3.94 их наяд төгрөгөөр буюу 13.6 хувиар өссөн үзүүлэлт. Үүнийг өөрөөр хэлбэл 2026 онд иргэд, аж ахуй нэгжээс авч байгаа татвар 2027 онд 13,6 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.
Төсвийн төсөлд 2027 оны татварын нийт орлогын
- 30.7 хувь буюу 10.12 их наяд төгрөгийг орлогын албан татвар,
- 24 хувь буюу 7.92 их наяд төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл,
- 24.6 хувь буюу 8.10 их наяд төгрөгийг НӨАТ-аас бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл зөвхөн эдгээр гурван төрлийн орлого нийт татварын орлогын дөрөвний гурваас илүү хувийг дангаараа бүрдүүлэхээр байна.
Мэдээж 2027 оны төсвийн орлогын гол тулгуур нь татварын суурийг шинээр тэлэхээс илүүтэйгээр одоо байгаа эдийн засгийн үйл ажиллагаа, цалин орлого, хэрэглээ, аж ахуйн нэгжийн ашиг болон уул уурхайн экспортод түшиглэсэн хэвээр байна.
Уул уурхай төсвийн гол “татвар төлөгч” хэвээр байна
2027 оны төсвийн орлогын хамгийн том хүлээлт уул уурхайн салбарт ногдож байна.
Засгийн газар ирэх онд нүүрсний экспортыг 110 сая тонн, зэсийн баяжмалын экспортыг 2.1 сая тоннд хүргэхээр тооцжээ. Үүний зэрэгцээ нүүрсний дундаж үнийг тонн тутамд 68 ам.доллар, зэсийн үнийг тонн тутамд 12,700 ам.доллар байхаар төсөөлсөн байна.
Эдгээр экспортын хэмжээ, үнийн төсөөлөл биелсэн тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 5.46 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ. Үүнээс 405.5 тэрбум төгрөгийг Төсвийн тогтворжуулалтын санд, 2.93 их наяд төгрөгийг Ирээдүйн өв санд, 2.12 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
Үүн дээр бусад уул уурхайн татварын орлогыг нэмэхэд 2027 онд уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх татварын нийт орлого 10.91 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 9.5 орчим хувийг бүрдүүлэхээр тооцжээ.
Энэ тоонууд төсвийн хамгийн том боломж мэт харагдаж байгаа ч хамгийн том эрсдэл болж мэднэ. Учир нь Монгол Улсын төсвийн орлогын өсөлт уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ болон дэлхийн зах зээлийн үнээс шууд хамааралтай. Нүүрс 68 ам.доллар, зэс 12,700 ам.долларын төсөөллөөс доошилж, экспортын биет хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол төсвийн орлого бүрдэхгүйд хүрнэ.
ААН-үүдээс 7.9 их наядыг, иргэдээс 2.5 их наядыг…
2027 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 7.92 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ. ААНОАТ-ын өсөлт нь зөвхөн татварын бодлогын өөрчлөлтөөс бус, компаниудын борлуулалт, ашиг өснө гэсэн төсөөлөл дээр суурилж байна. Өөрөөр хэлбэл төсөв эдийн засаг өсөж, компаниуд илүү их ашиг олно гэж үзэж байж татварын орлогоо өсгөжээ.
Харин хувь хүний орлогын албан татварын зураг үүнээс өөр байна. 2026 оны тодотгосон төсөвт 2.98 их наяд төгрөгөөр тооцож байсан ХХОАТ-ын орлогыг 2027 онд 2.52 их наяд төгрөг болгон бууруулжээ. Энэ нь 454.9 тэрбум төгрөгөөр буюу 15.3 орчим хувиар багассан дүн.
Ялангуяа цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулалтай холбоотой ХХОАТ 304.6 тэрбум төгрөгөөр буурахаар тооцжээ.
Ингэх шалтгаан нь тодорхой. Иргэдийн 792 мянган төгрөг хүртэлх цалин, хөдөлмөрийн орлогод ногдуулах татварыг 0 хувь болгосон хуулийн өөрчлөлттэй холбоотой. Мөн иргэн анх удаа өмчилж, амьдарч байсан орон сууцаа борлуулсны орлогыг татвараас чөлөөлөхөөр болсон.
Иргэдийн бага орлогод ногдох татварыг бууруулж байгаа хэрнээ төсвийн нийт татварын орлого өсөхөөр тооцжээ.
Тэгвэл тэр орлогын дутагдлыг хэн нөхөх вэ?
НӨАТ бол хэрэглэгчийн төлдөг хамгийн том татвар хэвээр байна. 2027 онд НӨАТ-аар нийт 8.10 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон нь нийт татварын орлогын 24.6 хувьтай тэнцэнэ.
Үүнээс дотоодын барааны НӨАТ-ын орлого 3.68 их наяд, импортын барааны НӨАТ 5.32 их наяд төгрөг байна. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын орлогын дийлэнх хэсэг импортын бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хэвээр байна.
Энэ нь татварын орлогын бүтцийн нэг чухал онцлогийг харуулж байна. Орлогын албан татвараас гадна төрийн орлогын томоохон хэсэг нь иргэдийн хэрэглээний явцад бий болж байна.
Өнгөрсөн онд НӨАТ суутган төлөгч болох борлуулалтын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ өөрчлөлтийн нөлөөг төсөвт тусгаж, дотоодын барааны НӨАТ-ын орлогыг 2027 онд 3.68 их наяд төгрөг байхаар тооцжээ.
НӨАТ-ын орлого өсөхийн тулд борлуулалт, хэрэглээ өсөх ёстой. Харин хэрэглээний өсөлт бодит орлогын өсөлтөөс тасарч, инфляц өндөр хэвээр байвал НӨАТ-ын нэрлэсэн орлого нэмэгдсэн ч энэ нь иргэдийн худалдан авах чадвар сайжирч чадах уу гэдэг эргэлзээтэй хэвээр байна.
Түлшний татварыг тэглэсэн ч төсөвт бараг орлого орохгүй
Төсвийн төсөлд 2027 онд автобензин, дизель түлшний онцгой албан татвараас ердөө 6.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.
Энэ нь түлшний нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гаалийн болон онцгой албан татварын хувь хэмжээг 0 болгосонтой холбоотой.
Түлшний татвараас татгалзсан нь хэрэглэгчийн үнийг тогтвортой байлгах бодлогын арга хэмжээ байж болох ч төсвийн орлогын талаас харвал татварын суурь орлогын нэг хэсгээс төр өөрөө татгалзаж байна гэсэн үг.
Түлшний татварыг бууруулсан ч онцгой албан татварын бусад төрлүүд төсөвт орлого төвлөрүүлэх чухал эх үүсвэр хэвээр байна.
- Суудлын автомашины онцгой албан татвараас 427.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.
- Согтууруулах ундааны онцгой албан татвар 569.5 тэрбум төгрөг байна.
Үүний 450.9 тэрбум нь дотоодын үйлдвэрлэл, 118.6 тэрбум нь импортын согтууруулах ундаанаас төвлөрүүлнэ.
2027 онд хэрэглээний зан төлөвт нөлөөтэй шинэ төрлийн татвар төлнө
Чихэр, чихэр орлуулагч агуулсан ундаа, усанд ногдуулах онцгой албан татвар 2027 оноос хэрэгжиж эхэлнэ.
Зөвхөн орлого олохын тулд татвар ногдуулаад зогсохгүй хэрэглээний зан төлөвт нөлөөлөх татварын бодлого хэрэгжүүлнэ гэж Засгийн газар мэдэгдсэн. Архи, чихэрлэг ундаа зэрэг бүтээгдэхүүнд татвар ногдуулах нь төсөвт орлого өгөхөөс гадна хэрэглээг хязгаарлах зорилготой.
2027 оны төсвийн тооцоог бүхэлд нь харвал Монгол Улс татварын орлогоо дөрвөн үндсэн тулгуурт түшиглэж байна.
Нэгдүгээрт, аж ахуйн нэгжийн ашиг болон уул уурхайн салбар.
Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэлээр дамжих хөдөлмөрийн орлого.
Гуравдугаарт, НӨАТ-аар дамжих дотоодын болон импортын хэрэглээ.
Дөрөвдүгээрт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, үнэ.
Иргэдийн ХХОАТ-ын орлого буурч байхад нийт татварын орлого 13.6 хувиар өсөхөөр тооцсон явдал хамгийн их анхаарал татаж байна.
Энэ нь татварын дарамтыг шууд иргэдийн цалингаас нэмэх замаар бус, эдийн засгийн идэвхжил, компаниудын ашиг, уул уурхайн экспорт, хэрэглээний татвараар нөхөх бодлогыг харуулж байна.
Гэвч эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр нь уул уурхай хэвээр байгаа нөхцөлд татварын орлогын өсөлт тогтвортой байх эсэх эргэлзээтэй.










