
Facebook, Instagram зэрэг нийгмийн сүлжээнүүдийг эзэмшдэг Meta компани АНУ-ын 48 муж, Колумбийн тойрог болон АНУ-ын харьяат 3 газар нутагт ирэх 10 жилийн хугацаанд нийт 18 тэрбум ам.доллар төлөх тохиролцоонд хүрснээр Калифорнийн шүүх тус компанитай холбоотой хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
АНУ-ын мужууд Meta компанийн платформууд хүүхдүүдэд хортой нөлөө үзүүлдэг хэмээн Meta компанийг шүүхэд өгснөөр өнгөрсөн лхагва гарагт Meta компани тухайн мужуудад 18 тэрбум ам.доллар төлөхөөс гадна хүүхдүүдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хамгаалах бодитой арга хэмжээнүүдийг авах тохиролцоонд хүрчээ.
Калифорни мужийн Оакланд хотын Холбооны шүүхэд эхэлсэн тангарагтны шүүх хуралдааны үеэр АНУ-ын мужуудыг төлөөлж оролцож буй өмгөөлөгчид Meta компани Facebook, Instagram платформыг нь 11-12 насны олон сая хүүхэд хэрэглэдгийг мэдсээр байж үүний эсрэг ямар ч арга хэмжээ аваагүй хэмээн мэдэгдсэн бол Meta компани платформуудаа хүүхдүүд, өсвөр насныханд хэрэглэхэд аюулгүй болгохын тулд өнгөрсөн жилүүдэд туршилт, судалгаа шинжилгээнд их хэмжээний нөөц, хөрөнгө мөнгө зарцуулсан хэмээн мэдүүлжээ.
Талууд тохиролцоонд хүрснээр Meta компанийн платформууд “шөнийн горим”-той болохоор болжээ. Энэ нь Facebook, Instagram зэрэг платформуудыг хэрэглэгч хүүхэд залууст шөнийн 00:00-06:00 цагийн хооронд ямар ч мэдэгдэл ирэхгүй байх горим бөгөөд уг горим нь автоматаар асах аж.
Түүнчлэн өсвөр насныхан Facebook, Instagram-ыг өдөрт 2 цаг л ашиглах боломжтой болох ба уг цагийн хязгаарлалтыг зөвхөн эцэг эх, асран хамгаалагчид нь өөрчлөх боломжтой аж. Хүүхдүүдийн постны Like-ийн тоо харагдахгүй ба өглөөний 08:00-15:00 цагийн хооронд “сургуулийн горим” үйлчилж, энэ хугацаанд мөн л мэдэгдэл ирэх нь зогсох аж.
Нийгмийн сүлжээг тасралтгүй 15 минут, 60 минут болон 90 минут ашиглах бүрт Meta компаниас анхааруулга өгөх ба хүүхдүүдийн үзэж буй зүйлс нь алгоритмоор сонгогдохгүй аж. Түүнээс гадна бичлэг, контентууд ар араасаа тасралтгүй гарч ирдэг горимыг унтраах боломжтой болох ба нүүрээ будсан мэт харагдуулах фильтрүүд хасагдах аж.
Шүүхийн шийдвэрийн дараа Meta компани TikTok, YouTube зэрэг платформуудад мөн адил арга хэмжээ авахыг уриалжээ.









