
Оросын “Известия” сонины хийсэн судалгаагаар наймдугаар сарын 16-ны байдлаар ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй, “ГдеБенз” аппликейшнд бүртгэлтэй шатахуун түгээх нийт станцуудын 28 хувь нь л бензин болон дизель түлш олгож байгаа гэж гарчээ.
Долоо хоногийн өмнө “ГдеБенз” аппликейшн дээр бүртгэлтэй ШТС-уудын 41 хувь нь бензин, дизель түлш олгож байсан аж. Сүүлийн долоо хоногт Волгоград, Челябинск, Оренбург, Воронеж, Самара, Пенза, Саратов, Липецк, Ростов болон Татарстанд бензин, дизель түлшний хүртээмж буурчээ. Түүнчлэн бензин, дизель түлшний хомсдол үүссэн, ШТС-ууд дээр урт дараалал үүссэн асуудал ОХУ-ын багадаа 20 гаруй мужид бүртгэгджээ.
“Известия” сонины сурвалжлагчид энэ сарын 17-нд нийслэл Москва хот болон Подмосковьед үйл ажиллагаа явуулдаг ШТС-ууд шатахуун өгч байгаа эсэхийг шалгаж үзэхэд АИ92 төрлийн бензинийг долоон шатахуун түгээх станцад, АИ95 бензинийг зургаа, АИ98 бензинийг таван станцад л өгч байсныг тогтоожээ. Түүнээс гадна дизель түлшийг ч мөн адил зарим ШТС-ууд олгохгүй байсан аж.
РБК агентлагийн сурвалжлагч Москва хотод үйл ажиллагаа явуулдаг 10 шатахуун түгээх станцаар орсон ч зөвхөн хоёр нь л ажиллаж байсныг онцолжээ.
ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев өнгөрсөн мягмар гарагт Оросын бүх ШТС-уудад бензин, дизель түлш байгаа гэж мэдэгдсэн байна. Тэрбээр ШТС-уудад урт дараалал үүсэж буй асуудлыг хүлээн зөвшөөрч, ОХУ-ын засгийн газар уг асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэжээ.
ОХУ-д шатахууны хямрал нүүрлээд буй нь Киев ОХУ-ын газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүдэд цохилт үзүүлсэнтэй холбоотой юм.
Анх өнгөрсөн тавдугаар сарын сүүлээс ОХУ-д бензин, түлшийг хязгаартайгаар олгож эхэлсэн билээ. Зургаадугаар сарын дундаас нөхцөл байдал бага зэрэг сайжирч, эрх баригчид бензин түлшийг хязгаартай олгох журмыг шат дараалалтайгаар суллаж эхэлсэн ч наймдугаар сард Киев Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг дахин эрчимтэйгээр бөмбөгдөх болсонтой холбоотойгоор ОХУ дахин шатахууны хямралтай тулаад байна.









