
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, Худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг хүлээн авч уулзаж, шатахууны нийлүүлэлт болон газрын тосны хайгуулын чиглэлээр хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр БНХАУ-ын тал Монгол Улсад гэрээний дагуу шатахууныг шуурхай нийлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаагаа мэдээлэв. Мөн цаашид байгуулсан гэрээний дагуу шатахууны нийлүүлэлтийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.
Түүнчлэн Сүхбаатар аймагт газрын тосны хайгуулын ажил гүйцэтгэж байсан БНХАУ-ын иргэдийн эрхэнд халдсан гэх үйл явдалд БНХАУ-ын тал санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли уг асуудалд буруутай этгээдүүдэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх эсэхэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.

Үүнтэй холбогдуулан Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Монгол Улсад БНХАУ-ын иргэд, бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын эрхэнд халдсан явдал гарсанд харамсаж буйгаа илэрхийлж, уг асуудлаар холбогдох хуулийн байгууллагад хандсан талаар мэдээлжээ.
Мөн Монгол Улс, тэр дундаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэх, цаашлаад улсын нөөцийг нэмэгдүүлэхийг зорьж ирснийг онцолсон байна.
Цаашид газрын тосны хайгуулын компаниудтай хамтран хайгуулын ажлын онцлог, ач холбогдлыг олон нийтэд зөвөөр ойлгуулах, мэдээлэл өгөх чиглэлээр олон нийтэд чиглэсэн мэдээллийн кампанит ажил эхлүүлэхээр төлөвлөж буйгаа танилцуулжээ.
Мөн Монгол Улс цаашид БНХАУ-аас бүх төрлийн шатахууныг тогтмол худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлж, шатахуун импортлох байнгын квот олгох хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж өгөхийгБНХАУ-ын талд хүссэн байна.











Энэ чинь л Хятадын уураглах арга шүү дээ