
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ыг угтан Улаанбаатар хотод 20 мянга гаруй гадаадын зочин, төлөөлөгч ирж байна. Хотын зүгээс энэ үеэр аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарт ихээхэн хэмжээний орлого орно гэсэн тооцооллыг танилцуулсан.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва КОП17-ийн 11 хоногийн хугацаанд хотын үйлчилгээ, худалдааны салбарт нийт 66 сая ам.доллар буюу 220 гаруй тэрбум төгрөгийн орлого орох боломжтой гэж мэдээлсэн.

Харин энэ тооцоог нэг зочинд ногдох өдөр тутмын зарцуулалтаар нь задлан харвал ямар дүн гарах вэ?
20 мянган зочин өдөрт хэдийг зарцуулах вэ?
- Хэрэв КОП17-д 20 мянган зочин оролцож, хүн бүр өдөрт дунджаар 300 ам.долларыг Монголд зарцуулна гэж тооцвол:
- 20,000 хүн × 300 ам.доллар = 6 сая ам.доллар
- Өөрөөр хэлбэл нэг өдөрт 6 сая ам.доллар, 11 хоногийн хугацаанд:
- 6 сая × 11 хоног = 66 сая ам.доллар болно.
Тиймээс хотын даргын хэлсэн 66 сая ам.долларын тооцоололд хүрэхийн тулд 20 мянган зочин өдөр бүр дунджаар 300 ам.доллар зарцуулах шаардлагатай байна.
Харин бодит зарцуулалт ямар байна вэ?
КОП17-ийн эхний өдрүүдэд гадаадын зочид, төлөөлөгчдөөс өдөрт хэдий хэмжээний мөнгө зарцуулж байгааг тодруулахад харилцан адилгүй дүн хэлж байна.
Иран улсын төлөөлөгч Мала Хан өдөрт ойролцоогоор 30 ам.доллар, АНУ-ын Рейчэл 90 ам.доллар, Швейцарийн Луи Агито 10 ам.доллар, Өмнөд Суданы Несика Камвура 30 ам.доллар, Танзани улсын Мариам 50 ам.доллар, Арабын орнуудын төлөөлөгч Абдул Абражи 25 ам.доллар орчим зарцуулж байгаагаа хэлжээ.
Эдгээр жишээгээр харахад зочдын өдөр тутмын хэрэглээ 10-90 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Хэрэв дээрх зургаан төлөөлөгчийн зарцуулалтыг энгийнээр дундажлавал өдөрт ойролцоогоор 39 ам.доллар болж байна.
Гэхдээ энэ нь нийт зочдын дундаж зарцуулалтыг илэрхийлэх статистик биш. Учир нь төлөөлөгч бүрийн байр, хоол, тээвэр, аялал, худалдаа болон бусад зардал харилцан адилгүй.
66 сая ам.долларын тооцоонд хүрэхийн тулд…
- Хэрэв 20 мянган хүн өдөрт 30 ам.доллар зарцуулбал: 20,000 × 30 × 11 = 6.6 сая ам.доллар буюу ойролцоогоор 22.4 тэрбум төгрөг болно.
- Харин өдөрт 100 ам.доллар зарцуулбал: 22 сая ам.доллар буюу 74.8 тэрбум төгрөг.
- Өдөрт 200 ам.доллар зарцуулбал: 44 сая ам.доллар буюу 149.6 тэрбум төгрөг.
Харин хотын даргын хэлсэн 66 сая ам.долларын хэмжээнд хүрэхийн тулд нэг зочин өдөрт дунджаар 300 ам.доллар зарцуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл 11 хоногийн турш нэг хүн дунджаар 3,300 ам.доллар Монголд зарцуулах тооцоо гарч байгаа юм.
Зочдын тоо болон байрлах орчны хувьд
КОП17-ийн нээлтийн эхний өдөр “Цэнхэр бүс”-д 23 мянга орчим оролцогч бүртгүүлсэн бөгөөд нийт 197 орны төлөөлөл оролцож байна.
Мөн зочид буудлуудад ойролцоогоор 9,700 өрөө захиалагдсан гэх мэдээлэл байна. Энэ нь зөвхөн хурлын үеэр зочид буудал, ресторан, худалдаа үйлчилгээний салбар төдийгүй такси, нийтийн тээвэр, аялал жуулчлал, бэлэг дурсгал, худалдаа зэрэг олон салбарт эрэлт нэмэгдэх боломжтойг харуулж байна.
Тээврийн зардал зочдод нэмэлт дарамт болохгүй
КОП17-ийн үеэр зочид, төлөөлөгчдөд зориулан нийтийн тээврийн 17 чиглэлд нэмэлт 100 автобус ажиллаж байна. Тус автобусууд хурлын зочид, төлөөлөгчдийн байрлаж буй 38 зочид буудал болон хурлын талбайн хоорондурьдчилан баталсан цагийн хуваарийн дагуу үнэ төлбөргүй үйлчилж байгаа.
Нийт 13 аж ахуйн нэгж уг тээврийн үйлчилгээг хариуцаж байгаа бөгөөд жолооч нарт олон улсын дүрэм, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний соёлын талаар сургалт өгчээ. Зочдын хувьд хурлын талбай руу зорчих тээврийн үйлчилгээ хүртээмжтэй, үнэ төлбөргүй байгаа нь зарцуулах мөнгөнийх нь тодорхой хэсгийг бусад үйлчилгээ, худалдаанд чиглүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.

Тооцоогоор 20 мянган зочин өдөрт 300 ам.доллар зарцуулбал хотын тооцоолсон 66 сая ам.долларын орлогободитоор бий болох боломжтой.Гэхдээ зочдын эхний өдрүүдэд хийсэн зарцуулалтын жишээнүүд 300 ам.доллараас нэлээд доогуур байгаа нь энэ тооцоонд хүрэхэд хүндрэлтэй байж болохыг харуулж байна.
Нөгөө талаас КОП17 нь зөвхөн хурлын төлөөлөгчдийн хоол, байрны зардлаар хязгаарлагдахгүй. Зочид Улаанбаатарын ресторан, худалдааны төв, аялал жуулчлалын үйлчилгээ, бэлэг дурсгалын худалдаа болон бусад үйлчилгээнд мөнгө зарцуулбал эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ.
Тиймээс 66 сая ам.долларын тооцоо бодит орлого болж чадсан эсэхийг КОП17 дууссаны дараах худалдаа, үйлчилгээний салбарын бодит борлуулалт, зочдын дундаж зарцуулалт болон татварын орлогоор хэмжих нь хамгийн бодитой үзүүлэлт болох юм.
Видео үзэх:









