
“Үхлээс хэн ч зугтаж чадахгүй, хэзээ нэгэн цагт би очно. Гэхдээ үхлийн өвчин надад ирэхэд би давж туулж чадсан шүү гээд нүүр бардам байна. Хавдар даван туулж байхдаа би өөрийгөө, амьдралыг илүү их хайрладаг болсон.
Ер нь амьдрах хамгийн сайхан, аз жаргал, баяр баясгалан. Нарны туяаг харах, модны сэрчигнэх чимээг сонсох юугаар ч зүйрлэшгүй аз жаргал” хэмээн ярих эмэгтэйг Я.Отгонцэцэг гэдэг. Тэр 54 настай, сувилагч мэргэжилтэй.
Я.Отгонцэцэг химийн эмчилгээнд тав, туяа эмчилгээнд 31 удаа орсон. Хагалгааны дараа химийн курс эм найман удаа уусан байна. Хавдрыг эдгэрдэг, эдгэрдэггүй гээд олон маргаан байдаг ч амьдрах итгэл тээсээр үхтэл үр харам гэдэг шиг тэмцсээр ирсэн нэгэн бүсгүйн түүхийг хүргэж байна.
Биеийн хүчээр нэгийг, сэтгэлийн хүчээр мянгыг давна
Хавдар нэг л өдөр миний ч гэсэн хаалгыг тогшино гэж мэдээгүй. 2023 оны есдүгээр сарын сүүлээс эхлээд маш их ядраад байсан. Амарсан ч амарсан болохгүй, тамирдаад яасан нь мэдэгдэхгүй нэг л тухгүй, тавгүй мэдрэмжтэй.
Би өөрөө эмнэлгийн байгууллагад ажилладаг болохоор хөхөө үзүүлье гэж боддог байсан ч тэр бүр завдахгүй, хөхөн дотор хатуу бэрсүү байх шиг санагдаад хөндүүртэй яваад л байдаг байсан. Ингээд 2024 оны хоёрдугаар сард анх үзүүлээд хортой хавдар байна гэж оношлогдсон.
Хавдар хоёрдугаар үе рүүгээ орсон байсан. Түүнээс хойших сарын хугацаанд надад маш хүнд байсан, сэтгэлээр их унасан. “Яагаад би гэж. Өдийг хүртэл амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байгаад яагаад ингэж өвдөх болов” гэж аминчхан үзлээр хүн боддог юм билээ. Хавдар туссан гэхэд ямар ч хүн үхнэ гэж боддог юм байна.
Манай ээж ч хавдраар нас барж байсан. Тухайн үед ямар ч арга хэмжээ авч чадаагүй болохоор хавдар гэдэг маш хүнд гэдгийг ойлгож байсан. Иймдээ ч хоёр хүүхдээсээ нууцаар уйлж байсан тохиолдол олон байгаа. “Яаж үүнийг давж туулна. Давж гарахгүй бол яана. Хоёр хүүхдээ яах вэ.
Эгч нь арай том юм чинь дүүгээ аваад явчих байх” гэх мэт бодлууд хөвөрч, надад ирээдүй байхгүй болсон ч юм шиг санагдах үе цөөнгүй байлаа. Хавдрын эмнэлэгт цаг авахаас эхлээд хүндрэлтэй зүйлүүд олон тохилдсон доо. Хоёрдугаар сард онош нь тодорчхоод байхад дөрөвдүгээр сард л химийн эмчилгээний цаг авсан.
Химийн эмчилгээнээс өмнө маш их толгой өвддөг байсан болохоор тэр хүнд эмчилгээг давж чадахгүй байх эрсдэлтэй учраас сэтгэл заслын эмчилгээд Хятад руу 10 гаруй хоног явсан. Эхлээд химийн эмчилгээд орсны дараа хагалгаанд орсон.
Эхний химийн эмчилгээний дараа маш их ядарсан, гар, хөлийн хурууны үзүүр, үе, яс, хуйх гээд өвдөхгүй зүйл байхгүй юм шиг санагдаж байсан. Бараг босоод ариун цэврийн орох гэж явж чадахгүй мөлхмөөр ч юм шиг. “Энэ эмчилгээг давж чадахгүй юм байна. Больё” гэж хэлмээр шантрах үе байлгүй яах вэ. Үүнээс гадна үс туг тугаараа унаад эхлэхэд сэтгэлээр унахгүй байхын аргагүй.
Ийм болохоор хими болон туяа эмчилгээнийхээ дундуур сэтгэл заслын эмчилгээнд хэд хэдэн удаа явсан. Шантармаар санагдах мөчүүдэд бага хүүгээ хараад “Миний хүү сургуулиа төгсөх болоогүй байна. Хүүгээ би орхиж явж болохгүй шүү дээ. Тиймээс би зоригтой ёстой юм байна. Ямар эмчилгээ байна, тэр бүхнийг нь хийлгээд эцсийг нь үзье.
Эдгэх ёстой бол эдгэнэ. Эдгэх ёсгүй бол эдгэхгүй” гэж шийдсэн. Хүүгээ ямар ч байсан ч гарыг нь ганзаганд нь хүртэл би байх ёстой шүү гэж бодсон. Үүнийхээ хүчинд ч даваад гарлаа. Монголын эмнэлгийн эмчилгээ ямар их сайжирсныг өөрийн биеэрээ мэдэрсэн. Хүмүүс хамаг эд хөрөнгөө зарж, гадагшаа эмчилгээ хийлгэхийн тулд бүү яараарай монгол эмч нар маань үнэхээр чадвартай шүү гэж хэлмээр байна.
Амьдрал бол уучлал, хайр, ухаарал…
Хавдар хүнийг эрүүл, хүн байхад илүү сургадаг. Бие махбодын өвчнийг хүн тусаж болно. Ер нь ямар ч зүйлээс зайлахын арга байхгүй, хэнд ч таарч мэднэ. Хамгийн гол нь сэтгэл гэдэг эрхтэн гэдгийг ойлгож, өвдсөн бол эмчлэх шаардлагатайг тунгаах хэрэгтэй. Ингэсэн цагт ямар ч өвчнийг даван туулах чадвар хүний өөрийн бие организмд байдаг юм байна.
Одоо ярихад амархан юм шиг боловч хүнд давааг туулж байхад тэвчээр, сэтгэлийн тэнхээ, хүч хэрэгтэй болдог юм билээ. Надаас гадна хоёр хүүхэд, гэр бүлийнхэнд минь ямар хэцүү байсан бол гэж боддог. Миний охин ард минь “асаалттай танк” гэдэг шиг байсан.
Миний хавдрын шалтгаан нь тодорхойгүй, эмч мянгад нэг тохиолддог хавдар гэсэн. Би хоёр хүүхдээ хөхүүлж байх үедээ их горьддог байсан юм л даа. Түүнээс болоод бэрсүү үүссэнийг домын аргаар эмчлээд зүгээр болчхоор нь эмнэлгээр явахгүй байснаас болоод үүсгэвэр нь цаана үлдээд хавдар болчхов уу ч гэж бодож байсан удаатай.
Түүнээс гадна сүүлийн хэдэн жил ариутгалд ажилласанаас ч үүссэн байж мэднэ. Ариутгалд ажиллахаар хэчнээн маск зүүсэн ч уусмалаар амьсгалаад байдаг. Сэтгэл зүйн талаасаа олон жил их гомдол тээж явах нь хөхний хавдар үүсгэх магадлал байдаг гэж үздэг.
Эмэгтэйчүүдийн хөхний, умайн хавдар дүлийн эрхтнүүд. Өөрөөр хэлбэл, битүү, дүлий орчинд байдаг. Тэгэхээр дотроосоо тээсэн гомдлууд хуримтлагдаад хавдар болох магадлалтай гэж сэтгэл зүйн хичээл дээр ярьдаг.
Би 20-оод жил архитай хамааралтай хүнтэй амьдарсан. Өглөө гараад явна, орой нь дахиад архиа уугаад л ирдэг байсан болохоор маш хэцүү байсан. Учралаа ололцохгүй амьдралын дунд тэмцэж явсан. Үүнээс шалтгаалан маш их бухимддаг, түүнийгээ гаргаж хэлдэггүй байсан. Миний сонгосон амьдрал юм чинь би өөрөө л туулна, хэнд ч нялзаах ёсгүй гэж бодож, хажуудах хүндээ найдаж, гомдсоор явсан. Тэр уур бухимдал, гомдол бүх зүйл хуримтлагдсаар тэсэрч гарч ирэхдээ хавдар болоод гарч ирсэн юм болов уу.
Үүнээс л би гомдол тээж амьдарч болохгүй гэдгийг ойлгосон. Иймдээ ч хавдар надад амьдралыг ойлгуулах гэж ирсэн юм билээ. Өмнө нь өөрийгөө тоодоггүй, хайрладаггүй байсан юм билээ. Тэгтэл хавдар надад “Өөрийгөө хайрлаач” гээд хүрээд ирсэн. Хэнд ч гомдсон бай түүнийгээ заавал тайлж байгаарай. Болж өгвөл битгий гомдоорой. Гомдол тээсэн бол уучилж сураарай. Уучлалт бол маш чухал эдгэрэл шүү. Би хавдрыг зүхээгүй, надад ирэх ёстой болоод л ирсэн байх.
Намайг давж туулж чадах уу л гэсэн нэгэн шалгуур болсон гэж боддог. Үхлээс хэн ч зугтаж чадахгүй, хэзээ нэгэн цагт би очно. Гэхдээ үхлийн өвчин надад ирэхэд би давж туулж чадсан шүү гээд нүүр бардам байна. Хавдар даван туулж байхдаа би өөрийгөө, амьдралыг илүү их хайрладаг болсон. Толинд өөрийгөө хараад “Отгонцэцэгээ чи ямар хөөрхөн юм бэ, өчигдрийнхөөсөө ч илүү гоё болсон байна шүү дээ” гэж урамшуулдаг.
Ямартай ч баяр хөөр, амьдрах итгэлээр дүүрэн болсон. Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд 45 наснаас дээш эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдаарай.
Ер нь амьдрах хамгийн сайхан, аз жаргал, баяр баясгалан. Нарны туяаг харах, модны сэржгэнэх чимээг сонсох юугаар ч зүйрлэшгүй аз жаргал. Хайр түгээж амьдарцгаая.
Г.Хэрлэн









