
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээгээр 325 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу зохион байгуулж буй их цэвэрлэгээний аян хоёр сарын хугацаанд гурван үе шаттай үргэлжилж, давхардсан тоогоор 1,500 гаруй хүнийг хамруулжээ.
Аяны хүрээнд нийт 1,300 орчим километр нутаг дэвсгэрийг цэвэрлэж, 325 тонн орчим хог хаягдлыг цуглуулан ангилан ялгаж, зохих журмын дагуу устгалд оруулсан байна.

Их цэвэрлэгээний эхний үе шат 2026 оны зургаадугаар сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилж, Ренчинлхүмбэ, Ханх, Хатгал, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Түнэл, Эрдэнэбулган, Цагаан-Үүр зэрэг сумдын нутаг дэвсгэрийн 866 километр орчим газрыг хамруулжээ.
Харин их цэвэрлэгээний дараагийн үе шатуудаар Хөвсгөл нуурын эрэг орчим болон хамгаалалтын бүсийн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлжээ.


Монгол орны газрын гадаргын усны нөөцийн 75 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах хүрээнд судалгаа, шинжилгээ болон бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтийг уялдуулах шаардлагатай байгаа юм.
Хогийг булшлах бус боловсруулах шаардлагатай
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” аяны хүрээнд долдугаар сарын 30-нд байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоогийн мэдээлснээр тус хурлаар Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, бохирдлыг бууруулах, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх чиглэлээр санал боловсруулж, нийт 10 зөвлөмж гаргасан байна.
Эдгээр зөвлөмжийн нэг нь Хөвсгөл аймгийн хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах асуудал юм.
Одоогоор Хөвсгөл аймаг хог хаягдлаа ландфилл буюу зориулалтын нүх ухаж булшлах аргаар устгаж байна. Гэвч энэ арга нь хог хаягдлын жижиг хэсгүүд салхиар тархах, орчныг бохирдуулах, эвгүй үнэр үүсгэх зэрэг байгаль орчны эрсдэлийг дагуулдаг.
Тиймээс хог хаягдлыг зөвхөн булшлах бус, ангилан ялгаж, дахин боловсруулах боломжтой хэсгийг нь дахин ашиглах, үлдэгдэл хогийг зохистой технологиор боловсруулах тогтолцоог бий болгох шаардлагатай гэж үзэж байна.
Үүний хүрээнд Хөвсгөл аймагт хог шатаах үйлдвэр байгуулах асуудлыг судалж, зохион байгуулах чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ. Гэхдээ хогийг эцсийн цэг дээр шууд шатаахаас илүүтэй эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах боломжтой хогийг тусад нь цуглуулах тогтолцоог бий болгох нь чухал гэж үзэж байна.
Учир нь хог хаягдлыг анхан шатанд нь зөв ангилан ялгаснаар эцсийн устгалын цэгт очих хогийн хэмжээ багасаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах боломжтой.
Хөвсгөл нуур орчмын сумдыг 20 жилийн хугацаанд төлөвлөнө
Хөвсгөл нуурыг хамгаалах асуудал нь зөвхөн нуурын ус, эрэг орчмыг цэвэрлэхээс гадна түүнийг тойрон орших суурин газрын хөгжлийг зөв төлөвлөхтэй шууд холбоотой.
Хөвсгөл нуурыг тойрсон сумд болон Хатгал тосгоны хөгжлийг урт хугацаанд нэгдсэн байдлаар төлөвлөх шаардлагатай гэж эрдэм шинжилгээний хурлаар үзжээ.
Тодруулбал, эдгээр сум, суурин газрын хөгжлийн 20 жилийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, газар ашиглалт, аялал жуулчлал, дэд бүтэц, байгаль хамгааллын бодлогыг хооронд нь уялдуулах шаардлагатай байна.
Хөгжлийн төлөвлөгөөнд аялал жуулчлалын бүс, буудаллах цэг, загас агнуурын зориулалттай хэсэг зэрэг газар ашиглалтын зориулалтыг тодорхой зааглаж, тэдгээрийг журмаар зохицуулах санал гаргажээ.
Ингэснээр Хөвсгөл нуурын эргэн тойронд газар олголтыг төлөвлөгөөгүйгээр хийх явдалд цэг тавьж, байгаль хамгаалал болон аялал жуулчлалыг зэрэг хөгжүүлэх боломж бүрдэх юм.
Хатгал тосгоны бохирдлыг инженерийн дэд бүтцээр шийдвэрлэнэ
Хөвсгөл нуурын бохирдлын нэг хэсэг нь нуурын эрэг орчимд байрлах жуулчны бааз, амралтын газар болон суурьшлын бүсийн дэд бүтцийн дутагдалтай байдлаас үүдэлтэй.
Ялангуяа модон жорлон, бохир усны зохисгүй шийдэл нь хөрсөөр дамжин бохирдол Хөвсгөл нуурт хүрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Тиймээс Хатгал тосгоныг цаашид хөгжүүлэхдээ инженерийн иж бүрэн төлөвлөлттэй байх шаардлагатай гэж үзжээ.
Үүний хүрээнд нэгдсэн халаалтын систем, цэвэр усны хангамж, бохир усны шугам сүлжээ болон бохир ус цэвэрлэх байгууламжийг шийдвэрлэх шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл, Хөвсгөл нуурыг хамгаалахын тулд нуурын эрэг дээрх хогийг цэвэрлэхээс гадна бохирдол үүсгэж буй эх үүсвэрийг нь таслан зогсоох шаардлагатай юм.
Хатгал тосгон болон аялал жуулчлалын бүсийн инженерийн дэд бүтцийг шийдвэрлэж чадвал модон жорлон болон стандартын шаардлага хангаагүй бохир усны байгууламжаас үүдэх хөрсний бохирдлыг бууруулж, улмаар Хөвсгөл нуурт хүрэх бохирдлыг зогсоох боломжтой.
Хөвсгөл нуурыг хамгаалах урт хугацааны бодлого шаардлагатай
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян нь нуурын эрэг орчмын ил харагдах хог хаягдлыг цэвэрлэхээс гадна цаашид байгаль орчны асуудлыг системтэйгээр шийдвэрлэх шаардлагатайг харуулж байна.
Иймээс хог хаягдлын менежментийг шинэчлэх, хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, боловсруулах болон устгах зөв тогтолцоо бий болгох, Хөвсгөл нуур орчмын сумдын 20 жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, газар олголтыг нэгдсэн төлөвлөлтөд оруулах, Хатгал тосгоны инженерийн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Ингэснээр Хөвсгөл нуурыг зөвхөн цэвэрлэх бус, бохирдох шалтгааныг нь арилгаж, экосистемийг нь урт хугацаанд хамгаалах нөхцөл бүрдэх юм.











