
АНУ-ын Нью Мексико мужийн шүүгч Брайан Бидшайд Meta компани цахим платформууд нь хүүхдүүдэд аюултай болохыг олон нийтэд анхааруулж чадаагүй хэмээн тус компанид 567 сая ам.долларын торгууль ноогдуулжээ.
Шүүгч Брайан Бидшайд Meta компанийн учруулж буй хор хохирлыг агаарын бохирдол мэт нийгэмд тулгамдсан асуудал болоод буйг онцолж, Meta компанийг үйлдвэртэй, цахим платформууд дээрх зар сурталчилгаа, контентуудыг тус үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, харин хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөө, хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөгийг даруй цэвэрлэж, арилгах ёстой үйлдвэрийн бохирдолтой зүйрлэжээ.
Facebook, Instagram, WhatsApp, Threads зэрэг нийгмийн сүлжээнүүдийн үйл ажиллагааг хариуцдаг Meta компанийн төлөөлөгч шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, Meta компани давж заалдах шатны шүүхэд хандана гэжээ.
Шүүгчийн ноогдуулсан торгуулийн дийлэнх нь буюу 420 сая ам.доллар нь Meta компанийн платформуудын эрүүл мэндэд учруулсан хор хохирлыг арилгахад буюу сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн байгууллага, төсөл хөтөлбөрүүд болон мэргэжилтнүүдийг санхүүжүүлэхэд зориулагдах аж.
Үлдсэн хэсэг нь эрүүл мэндийн салбарын ажилчид, багш нарт нийгмийн сүлжээний нөлөө, хор хохирлыг таниулах сургалт оруулахад зориулагдана гэжээ.
Түүнээс гадна шүүгч Meta компанид 18-аас доош насны хэрэглэгчдийн аккаунтыг насанд хүрсэн хэрэглэгчдэд санал болгодог явдлыг зогсоох, насанд хүрсэн хэрэглэгчид насанд хүрээгүй хүүхдүүдтэй мессеж бичилцэж, зураг, дүрс бичлэгүүд хуваалцдаг явдалд хориг тавих, 18-аас доош насны хэрэглэгчдэд “like”-н тоог харуулахгүй байх, нийгмийн сүлжээнүүдийг өдөр болгон 22:00-07:00 цагийн хооронд, хичээлийн өдөр 08:00-15:00 хооронд 18-аас доош насны хэрэглэгчид рүү notification илгээхгүй байхыг үүрэг болгожээ.
Түүнчлэн 18-аас доош насны хэрэглэгчдийн нийгмийн сүлжээний хэрэглээг сард 90 цаг болгон хязгаарлахыг шаарджээ.
Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Нью Мексико мужийн тангарагтны шүүх Meta компани тус мужийн хуулийг зөрчиж, хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг санаатайгаар хохироож байна гэж үзэн, 375 сая ам.долларын торгууль ноогдуулсан билээ.
Эх сурвалж: BBC







