
Наймдугаар сарын 1-6-ны өдрүүдэд ОХУ-аас 203 цистерн АИ-92 автобензин, 367 цистерн дизель түлш, БНХАУ-аас 17 вагон онгоцны түлш, 35 вагон дизель түлш Монгол Улсад орж ирээд байна.
Өнөөдрийн байдлаар нийт 301 цистерн вагон буулгалтад болон замд явж байгаа бөгөөд үүнээс 41 вагон АИ-92 автобензин, 260 вагон дизель түлш байна.
Мөн ОХУ-ын Наушки өртөөнөөс 12:00 цагт 29 вагон, 14:00 цагт 34 вагон АИ-92 автобензин Монгол Улс руу орж ирэх хуваарьтай байна.
Нийслэлийн хэмжээнд 107 шатахуун түгээх станц АИ-92 автобензин борлуулж байна. Үүнээс 15 ШТС 1 хошуугаар, 59 ШТС 2 хошуугаар, 4 ШТС 3 хошуугаар, 12 ШТС 4 хошуугаар, 4 ШТС 6 хошуугаар, 1 ШТС 8 хошуугаар тус тус түгээлт хийж байна. Шатахуун түгээх станцуудын хошууны тоог нэмэгдүүлж, түгээлтийн хүчин чадлыг сайжруулах чиглэлийг холбогдох байгууллагуудаас өгч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Өчигдрийн байдлаар ₮10,000-аас доош үнийн дүнгээр шатахуун худалдан авсан 1,500, ₮10,000-₮40,000-ын үнийн дүнгээр худалдан авсан 11,000, ₮40,000-аас дээш үнийн дүнгээр худалдан авсан 50,000 баримт бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн худалдан авалтын 40 хувь нь давтан худалдан авалт байжээ.
Шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд иргэдийг шаардлагаас илүү нөөцлөн худалдан авалт хийхгүй байхыг зөвлөж байна.







