
Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлэгдэж байна. Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид хийсэн (PCR) шинжилгээгээр эерэг тодорхойлогдож, баталгаажуулах шинжилгээ үргэлжилж байна.
Уг тохиолдол нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай. Тухайн газар нь тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бүс бөгөөд Алтай таван богд чиглэлийн аялал жуулчлалын бүс нутаг юм хэмээн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Тарваган тахлын шинж тэмдгийг таньж, эрт хандаарай
Тарваган тахлын нууц үе дунджаар 2–3 хоног үргэлжилдэг. Өвчний хэлбэрээс хамааран дараах эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч болно.
Булчирхайн хэлбэр
- Гэнэт халуурах
- Булчирхай үрэвсэн томорч, эмзэглэлтэй болох
- Толгой хүчтэй өвдөх
- Чичрэх
- Маш их ядарч, сулдах
Уушгины хэлбэр
- Өндөр халуурах
- Чичрэх
- Ханиах
- Амьсгалахад хүндрэлтэй болох
- Цустай цэр гарах
Гэдэсний хэлбэр
- Маш өндөр халуурах
- Чичрэх
- Толгой хүчтэй өвдөх
- Бөөлжих
- Гүйлгэх
Тарвагатай харьцсан, агнасан, арьс өвчсөн, махтай нь харьцсан эсвэл тарваганы бөөс, бүүрэгт хазуулсны дараа дээрх шинж тэмдэг илэрвэл өөрийгөө эмчлэх гэж оролдохгүйгээр яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаарай.







