
Хятадын эрх баригчид Бээжин хотын хамгийн өндөр барилгыг жижиг оврын спорт онгоц мөргөсөн асуудлаар албан ёсны тайлбар өгчээ.
Өнгөрсөн сарын 26-нд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпиний өргөөнөөс 8 орчим км зайд байрладаг 528 м өндөр, 108 давхар China Citic Tower барилгын дээд давхруудын нэгийг жижиг оврын спорт онгоц мөргөсөн тухай мэдээ цахим орчинд тархсан юм. Хятадын хууль сахиулагчид, эрх баригчдын зүгээс энэ талаар ямар нэг тайлбар, мэдэгдэл хийгээгүйгээр зогсохгүй уг үйл явдалтай холбоотой зураг, бичлэгүүд Хятадын нийгмийн сүлжээ, цахим орчноос устгагдаж, хайлтын системээс үүнтэй холбоотой илэрц гарч ирэхээ больсон байсан юм.
Өнгөрсөн пүрэв гарагт China Citic Tower барилга байрлах Чаоян дүүргийн захиргаанаас албан ёсны мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ China Citic Tower барилгыг мөргөсөн этгээд нь 66 настай, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, ганцаараа амьдардаг Лю овогтой нэгэн байсныг бичжээ.
Хууль сахиулагчид шалгалтын явцад тухайн иргэн 2024 онд онгоцны нисгэгчийн үнэмлэхээ авсан болохыг тогтоож, өнгөрсөн сарын 26-нд Бээжин хотын Пингу дүүрэгт байрлах онгоцны буудлаас жижиг оврын онгоцтойгоо хөөрч, удалгүй нислэгийнхээ чиглэлийг өөрчлөн удирдлагын төвтэй холбоогоо тасалсныхаа дараа China Citic Tower барилгыг мөргөсөн болохыг олж илрүүлжээ. Тухайн эрийн гаргасан ослын улмаас 13 хүн гэмтсэн ба тэрээр газар дээрээ нас баржээ.
Бээжин хотын хувьд агаарын зайн удирдлагын тухайд хатуу бодлого баримталдаг ба дрон болон жижиг оврын онгоцнууд нь тусгай зөвшөөрөлгүйгээр Бээжин хотын дээгүүр нисэх эрхгүй юм.
ЭХ СУРВАЛЖ: The Guardian









