
Энэтхэгийн нийслэл Дели хот агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шатахуунаар явдаг скүүтер, мотоцикл, алдарт 3 дугуйт моторт рикшануудыг авто замын хөдөлгөөнд оролцохыг нь хориглохоор болжээ.
Дели хотын удирдлагууд ирэх 2 жилийн хугацаанд шатахуун болон газаар явдаг скүүтер, мотоцикл, мопед, машин, автобусыг авто замын хөдөлгөөнөөс шахаж гаргах, цахилгаанаар явдаг тээврийн хэрэгслүүдийн хэрэглээг дэмжих бодлого баримталж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслүүдийн ялгаруулж буй хорт утаа нь Дели хотын агаарын бохирдлын хамгийн том эх үүсвэр болжээ. Энэтхэгийн нийслэл хотын агаарын бохирдол жилийн ихэнх өдрүүдэд эрүүл мэндэд хортой түвшинд хүрэх болсон ба жил бүр олон арван мянган хүн цагаасаа өмнө нас барах шалтгаан болжээ.
Шатахуун болон газаар явдаг скүүтер, рикшанууд нь Дели хотын авто замын хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгслүүдийн 2/3-оос дээш хувийг эзэлдэг ба шинэ журмын дагуу Дели хот 2027 оноос цахилгаанаар явдаг жижиг оврын тээврийн хэрэгслүүд тэр дундаа 3 дугуйт моторт рикшануудад, 2028 онд цахилгаан скүүтер болон цахилгаан мотоциклуудад л шинээр дугаар олгох аж.
Ингэснээр хотын удирдлагууд 2030 он гэхэд хотын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслүүдийн багадаа 30 хувь нь цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгсэл болно гэж тооцоолжээ.
Цахилгаанаар ажилладаг моторт рикшануудын тоо сүүлийн 2 жилд нэмэгдсэн ч тэдгээрийг цэнэглэх цэгүүдийн тоо цөөн байгаа нь цахилгаан тээврийн хэрэгслүүдийн тоо эрчимтэй нэмэгдэхгүй байгаагийн гол шалтгаан болоод байгаа аж. Шинэ журмаар Энэтхэгийн засгийн газар Дели хот даяар цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 30 мянга гаруй цэг байгуулахаар болжээ.
The Guardian









