
Өнгөрсөн даваа гарагт Венесуэлийн Ерөнхийлөгч Хорхе Родригез парламентын өмнө хэлсэн үгэндээ энэ сарын 24-нд болсон хүчтэй газар хөдлөлтөд Венесуэл даяар 855 барилга байгууламж өртөж, тэдгээрийн 189 нь бүрэн нурсан тухай мэдэгджээ.
Тэгвэл NASA-гийн нийтэлсэн хиймэл дагуулын зургууд газар хөдлөлтийн гамшиг Ерөнхийлөгч Хорхе Родригезын дурдсанаас ч илүү хор уршиг учруулсан байж болзошгүйг илтгэжээ.
Хиймэл дагуулын зургуудад хийсэн анхан шатны судалгаа шинжилгээгээр өнгөрсөн лхагва гарагт хоорондоо хэдхэн секундын зайтай болсон хоёр газар хөдлөлтөд 58 мянга гаруй барилга байгууламж өртсөн байж болзошгүй гэж гарчээ.
Газар хөдлөлтийн улмаас багадаа 1943 хүн амь үрэгдэж, 10 571 гаруй хүн гэмтэж, олон арван мянган хүн одоог хүртэл олдоогүй хэвээр байна.
НҮБ-ын тооцоолсноор Венесуэлд болсон газар хөдлөлтөд ойролцоогоор 6.8 сая хүн ямар нэг байдлаар өртсөн ба орон байргүй болсон иргэдэд түр байрших орон байр, цэвэр ус, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байгааг онцолжээ.
ДЭМБ гамшигт өртсөн бүс нутгуудад улаанбурхан, сахуу, шар чичрэг, хумхаа, денге, чикунгунья, зика вирусын халдвар тархах өндөр эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.
Венесуэл дэх НҮБ-ын мэргэжилтэн Жианлука Рамполлагийн мэдээлснээр Венесуэлд 27 орны 40 орчим аврах баг ажиллаж байгаа ба эрэн хайх, аврах ажиллагаанд олон улсын 2000 гаруй албан хаагч, 160 гаруй үнэрч нохой оролцож байна.
The Guardian









