
Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр цэнгэл наадам болоход 10 хоногийн хугацаа үлдээд байна. Үзэгч та бүхэнд Аймгийн цол хүртэх боломжтой сумын цолтой болон залуу бөхчүүдийн цувралыг танилцуулж байна. Гурав дахь цувралаа хүргэе
Увс аймгийн Давст сумын харьяат Сумын заан Ц.Бямбацогт нэрлэгдэж байна. Түүний 2000- аад оны дунд үеийн төлөөл бөгөөд сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд сайн барилдаж, хаврын хаалтын барилдаан түрүүлж, Бүх цэргийн наадамд сумын цолтой бөхчүүдээс ганцаараа дөрөв давчихсан, тавын даваанд бүх цэргийн наадмын түрүү бөх Д.Алтанцоожид тахим буулгасан билээ. Бөх сонирхогчид түүнийг Увс аймгаас тодрох дараагийн Улсын том цолтон гэж хардаг.

Увс аймгийн Хяргас сумын харьяат Д.Мөнх-Отгон эрэмбэлэгдэж байна. МҮБХ-оос зохион байгуулдаг сумын болон залуу бөхчүүдийн барилдаанд амжилтай барилдсан бөх билээ. Түүний хувьд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Дархан Аварга Х.Баянмөнхийн удмын бөх юм.


Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх М.Өсөхбаяр нэрлэгдэж байна. Тэрээр энэ жилийн заал танхимын барилдаанд сайн барилдаж, Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд хоёр давж, үзэгч олонд ямар бөх бэ гэдгийг харуулсан юм.


Булган аймгийн Сайхан сумын харьяат Булган хангай дэвжээний бөх О.Пүрэвдэлгэр нэрлэгдэж байна. Энэ жилийн заал танхимын барилдаанд сайн барилдаж түрүүлсэн бөгөөд Алдар спорт хорооноос зохион байгуулдаг Алдарын цом тэмцээнд түрүүлсэн билээ.


Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат сумын начин Э.Ганболд нэрлэгдэж байна. Түүнийг жил болгоны аймгийн баяр наадамд аймгийн цол авах бөхийн таамагт оруулдаг бөгөөд заал танхимын барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн амжилттай байгаа билээ.











