
Дүүжин замын тээвэр төсөл Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байна
“Дүүжин замын тээвэр” төсөл нь нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэ бөгөөд байгаль орчинд ээлтэй тээврийн шийдэл юм. Энэхүү төсөл Яармагийн Арцатаас Хархорингийн Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км зам дагуу баригдаж байна.
Барилга угсралтын ажил нь 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн бол өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрчээ. Ган татлага татах ажил, сүвлэгээ зэрэг инженерийн нарийн гүйцэтгэлийн ажлууд нь дуусч, 2 буудлын барилга болон гараажын барилгын ажлууд үргэлжилж байна. Түүнчлэн инженерийн шугам сүлжээний ажлуудын бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд нийт төслийн явц 72 хувьтай үргэлжилж байгаа ажээ.
“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц” ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Максимал” ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг байна.
Дүүжин замын тээвэр төслийн санхүүжилт нь БНФУ-ын Засгийн Газрын 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй. Уг зээлийн хугацаа 40 жил бөгөөд зээлийн хүү нь нэг жилийн 0.0076 хувь юм байна. Үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 жил, зээлийг төлөхдөө зээлийн үлдэх хугацаанд тэнцүүлэн хувааж, жилд 2 удаа төлөх аж. Энэ зээл нь бусад олон улсын зээлүүдтэй харьцуулахад хамгийн өртөг багатай бөгөөд энэ нь зээлийн үндсэн төлбөрөөс 2035 он хүртэл чөлөөлөгдөж байгаа гэсэн үг аж.
Дүүжин замын тээврийн төсөл ашиглалтад орсноор нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, хотын төв болон шинэ суурьшлын бүсүүдийг шууд холбох боломж бүрдэх юм. Мөн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, тухайн бүсийн замын хөдөлгөөний дундаж хурдыг 4 хувиар нэмэгдүүлэх тооцоо гарсан байна. Үүнээс гадна агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хот байгуулалтын зохистой хөгжлийг дэмжих, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон талын үр өгөөжтэй төсөл юм.








