
Монгол Улсын баруун бүсийн аймгуудад шүлхий өвчний САТ-1 гэх шинэ хэвшил бүртгэгдсэн нь мал аж ахуйн салбарт эрсдэл үүсгээд байгаа юм. Урьд өмнө манай улсад бүртгэгдэж байгаагүй энэхүү хэвшил нь халдварын тархалтыг хурдасгах, эдийн засгийн алдагдал дагуулах аюултай тул холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч эхэлжээ.
Одоогийн байдлаар Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож, халдварын тархалтыг хумих чиглэлд шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Увс аймаг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл баяр наадам, овоо тахилга, ургийн баяр, морины уралдаан зэрэг олон нийтийн бүх арга хэмжээг хязгаарлах шийдвэр гаргасан байна. Мөн аймаг, сум хооронд малын шилжилт хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хоригложээ.
Зорчих хөдөлгөөний тухайд Баян-Өлгий аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан бол Ховд аймаг руу зөвхөн сумын Засаг даргын тамгын газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу зорчих зохицуулалт үйлчилж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн Сэлэнгэ аймгийн Хушаат суманд шүлхий өвчин илэрч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа нь халдвар зөвхөн баруун бүсэд бус зүүн бүс рүү тархах эрсдэл бий болж байгаа дохио юм.
САТ-1 хэвшлийн эсрэг дотоодод ашиглах боломжтой вакцин одоогоор байхгүй байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж буй гол хүчин зүйл болж байна.
Өмнө нь хэрэглэж байсан шүлхийн вакцинууд шинэ хэвшилд үр дүн үзүүлэхгүй тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ОХУ-аас нэг сая хүртэлх тун вакцин яаралтай худалдан авах асуудлаар хэлэлцээр хийж байгаа аж. Вакцин орж ирмэгц эрсдэл өндөртэй бүсүүд болох Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн сумдын малыг нэн тэргүүнд дархлаажуулахаар төлөвлөжээ.
Харин Ховд болон Сэлэнгэ аймагт одоогоор хатуу хөл хорио тогтоосон ч Увс аймаг шиг наадам, олон нийтийн арга хэмжээг хойшлуулах тухай албан ёсны шийдвэр гараагүй байгаа талаар Онцгой байдлын байгууллагууд мэдээлсэн юм.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс малчдад хандан хууль бус малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, сэжигтэй тохиолдол илэрсэн даруйд мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэхийг онцгойлон анхааруулж байгаа юм. Шүлхий өвчин нь маш хурдан тархдаг, эдийн засгийн хувьд ихээхэн хохирол дагуулдаг тул иргэн бүрийн хариуцлага энэ үед онцгой чухал болж байгаа юм.
Иймд холбогдох байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмжийг чанд мөрдөж, хамтын хариуцлагатай байх нь халдварыг богино хугацаанд хяналтад авах гол нөхцөл болж байна.








