
2022 оноос хойш комд байсан Тайландын гүнж Бажракитиябха 47 насандаа өөд болсон талаар Тайландын хааны ордноос мэдэгджээ.
Тайландын хаан Важиралонгкорны ууган хүүхэд, Тайландын хаан Бумибол Адулядеж болон хатан Сирикит нарын анхны ач болох гүнж Бажракитиябханы бие 2022 оны 12-р сард гэнэт муудаж, комд орсон юм.
Хуульч мэргэжил эзэмшсэн гүнж Бажракитиябха нь НҮБ дахь Тайландын төлөөлөгчийн газар, Тайландын Ерөнхий прокурорын газар, 2012-2014 онуудад Тайландаас Австрид суугаа элчин сайдаар ажиллаж байсан ба НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн Өмнөд Ази дахь элч төлөөлөгч болж, Тайландын эрүүгийн шүүхийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэлтийн төлөө дуу хоолойгоо өргөж явсан нэгэн юм. Тэрээр Тайландад хар тамхины ноцтой бус хэрэгт холбогдсон хүмүүст тэр дундаа эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд хүнд ял оноодог байдалд шүүмжлэлтэй ханддаг байсан аж.
2021 онд хаан Важиралонгкорн гүнж Бажракитиябхад генерал цол олгож байсан ба аавынхаа итгэлийг хүлээсэн, өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай түүнийг Тайландын хаан ширээг залгамжлах өндөр магадлалтай гэлцэж байсан юм.
Тайландын хаан 73 настай Важиралонгкорн залгамжлагчаа одоог хүртэл зарлаагүй байгаа юм. Тэрээр таван хүү, хоёр охинтой ч 1996 онд хоёр дахь эхнэрийнхээ төрүүлсэн 4 хүүгээсээ татгалзаж, бүх хэргэм зэргийг нь хураан авсан юм. 1974 онд үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн ачаар Тайландын хаан ширээнд эмэгтэй хүн сууж болох ч 1987 онд төрсөн гүнж Сириваннавари, 2005 онд төрсөн ханхүү Дипангкорн хоёроос ханхүү Дипангкорн хаан ширээг залгамжлах илүү өндөр магадлалтай гэж яригдаж байна.








