
“Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-д үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулах зорилготой автомашин, тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр /2026.06.03/ хүлээлгэн өглөө. Үйл ажиллагааны нээлтэд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Энхтөр нар оролцож, тус төвийн ажилтан, албан хаагчдад баяр хүргэв.
ГБХНХ-ын яамны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд тус төвд үе шаттай хөрөнгө оруулалтуудыг хийж ирсэн. УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир 2025 оны 11 дүгээр сард тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ ажилтан, удирдлагуудын гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээр төлөвлөж байсан юм. Ийнхүү 2026 оны улсын төсөвт 900 сая төгрөг тусгуулсан юм. Энэхүү ажлын хүрээнд шаардлагатай техник хэрэгсэл болно автомашиныг өнөөдөр гардуулан өглөө.


– Төвийн албан хэрэгцээний автомашин (105.0 сая төгрөг)
– Хөгжим, соёлын танхимын тайзны тоног төхөөрөмж (133.9 сая төгрөг)
– Ажилчдын цайны газрын тоног төхөөрөмж (36.2 сая төгрөг)
Цаашид 2026 ондоо багтан модон эдлэлийн үйлдвэрийн 389.8 сая төгрөгийн тоног төхөөрөмж, өргөтгөлийн барилгын засвар (200 сая ₮), харуул хамгаалалтын систем (35.2 сая ₮)-ийн ажлууд бүрэн хэрэгжиж дуусах юм.
Арга хэмжээг хааж “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Лхагвасүрэн үг хэллээ. Тэрбээр төрөөс үзүүлж буй бодлогын бодит дэмжлэг, хөрөнгө оруулалтад талархал илэрхийлж, төвийн үйл ажиллагаа, шинээр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийг танилцууллаа.


































