
Дуучин Dua Lipa, жүжигчин Каллум Тёрнер нар өнгөрсөн ням гарагт Лондон хотын Мэрилебон дахь хотын захиргааны байранд албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ.
30 настай Dua Lipa, 36 настай Каллум Тёрнер нарыг гэрлэлтээ батлуулахад нь цөөн тооны гэр бүл, ойр дотных нь хүмүүс байлцсан аж.
Сүйт бүсгүй Schiaparelli загварын ордны цагаан өнгийн хослол, Stephen Jones-н бүрх малгай, Bvlgari брэндийн үнэт эдлэл, Louboutin брэндийн өндөр өсгийт өмссөн байсан бол сүйт залуу Ferragamo загварын ордны хар хөх өнгийн хослолоор гангарчээ.
Dua Lipa, Каллум Тёрнер нар энэ сарын эхээр Италийн Сицили арлын Палермо хотод гэрлэх ёслолоо тэмдэглэхээр төлөвлөөд байгаа ба 3 өдөр үргэлжлэх уг баярт дуучин Элтон Жон, Charli XCX, Марк Ронсон, загвар зохион бүтээгч Донателла Версаче, Симон Порте Жакмюс зэрэг олны танил алдартнууд уригджээ.
Дуучин бүсгүй жүжигчин Каллум Тёрнер нар үерхэж эхэлсэн байж болзошгүй тухай мэдээ анх 2024 оны 1-р сард гарч байсан бол 2025 оны 6-р сард Dua Lipa Каллум Тёрнерийн гэрлэх саналыг хүлээн авч, сүй тавьсан болохоо албан ёсоор баталсан юм.











