
Парламентын гишүүд сандал суудлаа хуулиар хуваарилуулах эсэхээ өнөөдөр шийднэ. Тодруулбал, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 14:00 цагаас хуралдаж, УИХ-ын танхимын толгой дээр гарч суудаг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын суудлыг буулгах хуулийн төслийг хэлэлцэх үү, эс хэлэлцэх үү гэдгийг шийднэ.
Х.Тэмүүжин тэргүүтэй АН-ын 40 гишүүн өнгөрсөн оны зургаадугаар сарын 12-нд Монгол Улсын их хурлын тухай хуульд дээрх агуулгаар нэмэлт оруулахаар өргөн мэдүүлсэн билээ.
Хууль санаачлагчид “Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд тусгайлсан суудал засуулж, хуралдаан даргалагчийн түвшинд танхимын хойморт байрлаж буй нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна” хэмээн үзэж буй аж.
Мөн чуулганы танхимын байрлал бол зөвхөн архитектур биш ба улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэж тэд үзэж буйгаа онцолжээ. Чуулганы хуралдааны танхимын зохион байгуулалтын бүдүүвч зураг, байршлыг ямар субъект батлах талаар эрх зүйн зохицуулалт одоогоор байхгүй. Тиймээс 1992 оноос хойш Улсын Их Хурлын дэд дарга сайн дураар уг зураглал, байршлыг баталж ирсэн нь хамгийн сүүлд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа баталсан нь одоо мөрдөгдөж байгаа ажээ.
Тиймээс уг асуудлыг цэгцлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Тэдний санаачилсан хууль хэрэв УИХ-ын чуулганаар дэмжигдвэл Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Бүлгийн дарга Ж.Батжаргал нарынхаа дор сууна. Мөн Ерөнхийлөгчийн суудлыг УИХ-ын танхимын толгой дээрээс буулгаж, тусгайлсан суудал байрлуулж өгөх нь ээ. Энэ хууль батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.
Тэд дараах өөрчлөлтийг хийхээр хуулийн төсөлдөө тусгажээ.
Нэгдүгээрт, Чуулганы танхимын хоймор хэсэгт зөвхөн хуралдаан даргалагч, хуралдаан зохион байгуулагчид зориулсан суудлыг тусгайлан байрлуулна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор танхимын зохих хэсэгт Ерөнхийлөгчид зориулсан тусгайлсан суудал байрлуулж болно.
Хоёрдугаарт, Чуулган даргалагчийн зүүн гар талд олонхын бүлгийн гишүүдийн суудал байх бөгөөд нүүрний эгнээнд олонхын бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд даргын суудал, түүний дараа олонхын бүлгийн дарга, эрх барих хүчнээс сонгогдсон Ерөнхий сайд хэрэв Улсын Их Хурлын гишүүн бол түүний суудлыг дараалуулан хуваарилна.
Гуравдугаарт, Нэгдсэн хуралдааны танхимд хуралдаан даргалагчийн баруун гар талд хамгийн олон суудал авсан цөөнхийн бүлгийн гишүүдийн суудал байх бөгөөд нүүрний эгнээнд тус бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд даргын суудал, түүний дараа цөөнхийн бүлгийн даргын суудлыг хуваарилна.
Дөрөвдүгээрт, цөөнх болсон бусад нам, эвслийн бүлгийн гишүүд, бүлэггүй цөөнхийн гишүүдийг дараагийн суудлуудад хуваарилах бөгөөд тус цөөнхийн бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга, тухайн цөөнхийн бүлгийн дарга нарын суудлыг нүүрний эгнээнд тус тус хуваарилна.
Тавдугаарт, Нэгдсэн хуралдаанд үг хэлж, мэдээлэл хийх ажлын хэсгийг Улсын Их Хурлын бүрэлдэхүүнд зориулсан суудал бүхий хэсгээс тусад нь байрлуулсан суудалд суулгах ба ажлын хэсгийн гишүүн босож үг хэлэх индрийг уг хэсэгт байрлуулна. Ерөнхий сайд хэрэв Улсын Их Хурлын гишүүн биш бол түүний суудлыг энэ хэсэгт байрлуулна.







