
Мексикийн засгийн газар Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны хүсэлтээр ДАШТ-ий туршид Ираны хөлбөмбөгийн шигшээ багийнхныг улсдаа хүлээн авч, байрлуулахыг зөвшөөрсөн талаар Мексикийн Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум мэдэгджээ. Тэрээр, “Ираны шигшээ багийнхныг Мексикт байрлахыг нь зөвшөөрөхгүй байх шалтгаан бидэнд байхгүй.” гэжээ.
Өнгөрсөн бямба гарагт Ираны Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мехди Тадж Ираны шигшээ багийн штабыг Америкийн Аризона мужаас Мексикийн хилийн Тихуана хот руу шилжүүлэх тухай мэдэгдсэн билээ.
АНУ-Ираны зөрчилдөөнөөс болж Ираны хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцох эсэх нь эргэлзээтэй болоод байсан юм. Тегераны зүгээс хөлбөмбөгийн шигшээ баг нь ДАШТ-д тоглох эсэхийг нь хэлж мэдэхгүй байна гэсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны шигшээ багийг ДАШТ-д тоглохыг эсэргүүцэхгүй байгаа ч энэ нь Ираны тоглогчдын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж болзошгүй тул Ираны шигшээ баг тэмцээнд оролцох нь зохисгүй хэмээн мэдэгдсэн юм.
Хөлбөмбөгийн ДАШТ 6-р сарын 11-нээс 7-р сарын 19-ний хооронд Канад, Мексик болон АНУ-ын хотуудад зохион байгуулагдах юм. Ираны шигшээ багийн хувьд Бельги, Египет, Шинэ Зеландын шигшээ багуудтай хэсгийн тоглолт хийх ба дээрх тоглолтууд нь бүгд АНУ-ын нутаг дэвсгэр дээр болох аж.







