
Стейниц шатрын академи болон Малчдын хөгжлийг дэмжих Ж.Самбуу сан хамтран БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуу агсны нэрэмжит “STEINITZ OPEN 2026” олон улсын чансаа тооцох шатрын тэмцээнийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо АСА Арэнад зохион байгуулж байна.
Манай улсын шатарчид олон улсын чансаагаа ахиулах, цолны норм биелүүлэх зорилгоор гадаад улс орнуудыг зорих нь түгээмэл болсон. Гэвч энэ нь тэдэнд санхүүгийн өндөр зардал, цаг хугацааны хүндрэл дагуулдаг бөгөөд олон авьяаслаг тамирчдын боломжийг хязгаарлах нөхцөл болж иржээ.
Харин “STEINITZ OPEN 2026” тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар дотоодын шатарчид олон улсын түвшний өрсөлдөөнд оролцох, чансаагаа ахиулах, норм биелүүлэх боломжийг дотооддоо ашиглах нөхцөл бүрдэх юм.
Стейниц академийн үүсгэн байгуулагч Г.Мөнхбаяр “Тус тэмцээн нь Олон улсын шатрын холбоо (FIDE)-ийн дүрэм, стандартын дагуу явагдах бөгөөд A, B, C гэсэн гурван ангилалд зохион байгуулагдана.” гэлээ
Тэмцээнд дотоод болон гадаадын шатарчид оролцох бөгөөд нийтдээ 800 орчим тамирчин өрсөлдөж, арын албанд 100 гаруй хүн, үзэгчдийн суудалд 1000 гаруй хүн сууж нийтдээ 2000 орчим хүн оюуны спортод цаг гаргаж байна.
Энэ нь манай улсад зохион байгуулагдаж буй шатрын томоохон олон улсын тэмцээнүүдийн нэг болж буйгаараа онцлогтой.
Оюуны спортыг хөгжүүлэх, залуу үеийг шатар сонирхон хичээллэхэд уриалах, улмаар шатарчдын олон улсын чансаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.








