
Тайландын засгийн газар коронавирусийн цар тахлын улмаас уналтад орсон эдийн засгаа сэргээхийн тулд 2024 оны 7-р сараас дэлхийн 93 орны иргэдэд Тайландад 60 хүртэлх хоног визгүй зорчихыг зөвшөөрөх шийдвэр гаргаж байсан юм.
Тэгвэл Тайландын засгийн газар өнгөрсөн мягмар гарагт уг шийдвэрээ цуцалж, Тайландад визгүй зорчих хоногийн тоог улс бүртэй хийсэн гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр тус тусад нь тогтооно гэжээ.
Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул тус улсын засгийн газар визний бодлогоо өнөөгийн эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын нөхцөл байдалтай уялдуулах нь зүйтэй гэж шийдсэн гэжээ.
Австрали, БНХАУ, Франц, Герман, Энэтхэг, Итали, Испани болон АНУ тэргүүтэй 90 гаруй улсын иргэд Тайландад 60 хүртэлх хоног визгүй зорчиж байсан бол шинэ журам хэрэгжиж эхэлснээр дээрх улс орнуудын иргэдийн Тайландад визгүй зорчих хоногийн тоо 30 хоногоор хязгаарлагдах аж.
Тайланд нь гадаадын аялагч жуулчдын хамгийн ихээр зорьдог Азийн орнуудын нэг бөгөөд аялал жуулчлалын салбар нь тус улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг юм.
2019 онд л гэхэд Тайланд улс 40 орчим сая жуулчин хүлээн авч байсан бол коронавирусийн цар тахлын үеэр энэ тоо огцом буурчээ. 2026 он гарснаас хойш тус улс 12 сая орчим жуулчдыг хүлээн аваад байгаа ч сүүлийн саруудад Тайландад гадаадын иргэдийн холбогдсон гэмт хэргүүдийн тоо нэмэгдсэн нь тус улсын эрх баригчдыг визний бодлогоо өөрчлөхөд хүргэжээ.
Эх сурвалж: BBC







