
Монгол Улсын уран гулгагч Гансүхийн Марал-Эрдэнэ тамирчнаасаа гадна “Марал” уран гулгалтын сургалтаа 2022 оноос явуулж байгаа. Түүний хувьд Япон улсад суралцан амьдарч байхдаа Монгол Улсын нэрийн өмнөөс өвлийн спортын тэр дундаа уран гулгалтын төрлөөр Азийн өвлийн наадам, тив, дэлхийн томоохон чанартай тэмцээн уралдаанд мөсөн дээр өрсөлдсөн Монгол түмний дунд “Мөсний гүнж” хэмээн алдаршсан шилдэг нэгэн билээ.
Өдгөө Г.Марал-Эрдэнэ нь өвлийн спортоор уран гулгалтын сургалт явуулж буйгаас анхны шавь Д.Аминаг дасгалжуулан “Thailand Open Trophy 2026” тэмцээнд оролцжээ.
Энэ тухайгаа тэрбээр, өөрийн цахим хуудаснаа ийн бичсэн байна.

Г.Марал-Эрдэнэ: Мөсөн талбайн хажууд дасгалжуулагчийн хувиар зогсох мөч маш их баяртай, үнэ цэнтэй байлаа
“2022 оноос хойш Монголд уран гулгалтын сургалт явуулж ирсэн бөгөөд олон улсын тэмцээнд дасгалжуулагчийн хувиар мөсөн талбайн хажууд зогсох энэ өдөр эцэст нь ирлээ. Thailand Open Trophy 2026 тэмцээнд Аминатайгаа хамт оролцсон нь миний хувьд маш их баяртай, үнэ цэнтэй мөч байлаа. Хязгаарлагдмал орчин нөхцөлд ч гэсэн тэр үргэлж хичээнгүй, тууштай хөдөлмөрлөж ирснийг би хамгийн ойроос харж байсан. Тэр бүх хичээл зүтгэл нь энэ удаагийн тэмцээнд маш том алхам болж чадлаа гэж бодож байна. Биднийг үргэлж дэмжиж ирсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье
Цаашид ч манай клубын тамирчдыг халуун сэтгэлээр дэмжиж, хамт байгаарай” гэжээ.
Түүний шавь Д.Аминагийн гэрэл зургуудыг хүргэе.




Монголын уран гулгагч Г.Марал-Эрдэнэ гэж хэн бэ
Гансүхийн Марал-Эрдэнэ 1996 оны 5 сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн. Монголын мөсөн дээрх уран гулгагч юм. Тэрбээр 2005 оноос Япон улсын Нагоя хотын Орион клубт уран гулгалтаар хичээллэж эхэлжээ.
2011 онд Монгол Улсыг төлөөлж Азийн өвлийн спортын наадамд өрсөлдсөн анхны мөсөн дээрх уран гулгагч болсон. Тэрбээр 5 настайдаа эцэг эхийн хамт Нагоя хот руу нүүжээ. Өдгөө Г.Марал-Эрдэнэ Чүүкёо их сургуульд суралцдаг бөгөөд тус сургуулиас төрөн гарсан дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Асада Маотай уран гулгалтын арга хэмжээнүүдэд цуг оролцдог байв.


Амжилтыг танилцуулъя
2011 он
- Азийн өвлийн наадам – 16-р байр
- Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – 35-р байр
- Өсвөрийн гран при цуврал: Балт – 25-р байр, Таллинн – 28-р байр
2012 он
- Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – 35-р байр
- Азийн цом – 17-р байр (өсвөр)
- Өсвөрийн гран при цуврал: Покал д. Блауэн Швертер – 29-р байр, Нагоя ТВ цом – 26-р байр
2017 он
- Финландын цом – 25-р байр
Хувийн дээд амжилт
- Богино үзүүлбэр – 20.76 (2017)
- Чөлөөт үзүүлбэр – 44.62 (2017)
- Нийлбэр оноо – 65.38 (2017)
2025 он
- “Харбин 2025” Азийн наадам
“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын өдрүүдийг эргэн санавал: Тус наадмын зургаа дахь өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 25 тамирчин өрсөлдсөн. Монгол Улсаас дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (30.64 оноо), дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (26.32 оноо) нар өрсөлдсөн юм.
Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа өрсөлдсөн. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг тус Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсон юм.


05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Степпе аренад уран гулгалтын сургалт явуулж байгаа ажээ.
Г.Марал-Эрдэнэ нь 2026 оны эхээр нэглүгээр сард Япон улсад гэрлэх ёслолоо хийсэн юм.




Г.Марал-Эрдэнийн анхны клуб, Азийн наадамд удирдаж оролцсон багш дасгалжуулагчийн мэдээллийг хүргэе.
- Анхны орсон клуб нь Хоова клуб
- Одоо байгаа нь Орион клуб
Асада Маогийн мөсний шоунд хамтран оролцож, бүх Японы хотуудад нийт 204 удаа тоглолт хийж байсан юм. Мөн “Харбин 2025” Азийн наадамд удирдаж оролцсон багш дасгалжуулагч нь Хориэ Эми байв.
Харин тэрбээр одоо зохион байгуулах сургалтаа 5 сарын 26-наас эхлүүлэхээр төлөвлөжээ. Г.Марал-Эрдэнэ анхны тамирчин байсан учраас өөрийн удирдах багшгүй, баг хамт олонгүй байжээ. Тэгвэл одоо түүний шавь Д.Амина өөрийн Монгол дасгалжуулагчтай болсон нь энэ юм.
Тэрбээр докторын ажлын судалгаагаа уран гулгалт дээр хийдэг бөгөөд ирэх 7 сард Их Британи улсад болох Олон улсын судлаачдын хуралд илтгэл тавихаар бэлтгэж байгаа ажээ.
Ингэснээр Г.Марал-Эрдэнэ уран гулгалтын биомеханиксын чиглэлээр судалдаг цөөхөн судлаачдын нэг монгол хүн болж байна.











