
Одоо процесс хэрхэн өрнөх вэ?
Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, хотын шинэ даргын төлөөх марафон МАН-ынхны дунд эхэллээ. Дараагийн хотын даргыг томилох процесс хэрхэн өрнөх талаар тайлбарлаж өгье.
Хотын даргыг огцруулах шийдвэр албажсанаас хойш 15 хоногийн дотор дараагийн хүнийг нэр дэвшүүлэх учиртай. Нийслэл засаг даргад нэр дэвшигч нь
- дээд боловсролтой;
- төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан
- шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх
- шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх
- ялгүй байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой.
Нийслэлийн МАН-ын хороо юун тэргүүнд хуралдаж, дээрх шаардлагыг хангасан хүнийг хотын даргад “зүтгүүлнэ”. Х.Нямбаатар засаг даргын суудлаас огцорсон ч нийслэлийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч хэвээр байгаа. Тэр утгаараа тэрбээр намын хорооны хурлаа зарлаж, хотын дараагийн даргад нэр дэвшигчийг тодруулах эрхтэй. Өнөөдөр Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, дараагийн хотын даргыг хэлэлцэх товтой байна. Нийслэлийн МАН-ын хорооноос нэг хүнийг хотын даргад тодруулж, МАН-ын Удирдах зөвлөлтэй зөвшилцөнө. Дараа нь НИТХ-ын хурлаар оруулж, санал хураана. НИТХ-ын хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналыг авч чадвал тухайн хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.
Нэр дэвшүүлсэн хүнийг нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно. Гэхдээ Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно. Дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын таван өдрийн дотор Ерөнхий сайд томилох үүрэгтэй.
Тэгвэл Х.Нямбаатарын оронд хэн бэ?
МАН-ын дүрэмд намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд болсон. Х.Нямбаатар дараагийн хотын даргадаа Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаа өгөх үү эсвэл Нийслэлийн МАН маргаашийн хурлаараа даргаа сольчихоод тухайн хүнээ хотын даргад нэр дэвшүүлэх үү гэдэг нь асуулт хэвээр.
Ямартай ч одоогоор Ерөнхий сайд асан Г.Занданшатар, НОСК-ийн захирал М.Говьсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн нарын нэр хотын даргад яригдаж байна. Эдгээрийн дотроос хамгийн магадлал өндөр хувилбар нь М.Говьсайхан юм. Ерөнхий сайд Н.Учралын найз, нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулж чадах дүр байж мэднэ. Дундын хувилбар гэдэг утгаараа Ж.Сандагсүрэнг ч болгохыг үгүйсгэхгүй. Ямартай ч марафонтой долоо хоногт хотын даргын төлөөх марафонд дээрх гурван хүн өнгөлж байна.







