
Swatch болон Audemars Piguet брэндүүдийн хамтран бүтээсэн халаасны цаг эрэлт өндөртэй байна
Швейцарын алдарт Swatch цагны брэнд өнгөрсөн амралтын өдрүүдээр Их Британи, Европын холбоо болон АНУ дахь дэлгүүрүүдээ хаахад хүрчээ. Swatch компанийн Швейцарын тансаг зэрэглэлийн цагны Audemars Piguet компанитай хамтран бүтээж, цөөн тоогоор гаргаж буй Royal Pop халаасны цаг Swatch компанийн дэлгүүрүүдээр өнгөрсөн бямба гарагаас борлуулагдаж эхэлсэн нь зарим газруудад эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Royal Pop халаасны цагийг амжиж худалдан авах гэсэн иргэд Swatch брэндийн дэлгүүрүүдийн гадаа хонож, зарим дэлгүүрүүдийн гадна хэт олон хүн цугларснаас болж эмх замбараагүй байдал үүсжээ. Үүнтэй холбоотойгоор Swatch компани Их Британийн Бирмингем, Кардифф, Глазго, Ливерпүүл, Манчестер, Шеффилд хотууд, Нидерландын Гааг, Амстердам, Утрехт хотууд дахь салбар дэлгүүрүүдээ хаахад хүрч, Арабын Нэгдсэн Эмиратын Dubai Mall-д зохион байгуулах гэж байсан нээлтийн үйл ажиллагаагаа цуцалжээ.
Өнгө өнгийн, загварлаг бугуйн цагнууд гаргадгаараа алдартай Swatch брэндийн Швейцарын Audemars Piguet компанитай хамтран бүтээсэн халаасны цагны загвар нь Swatch брэндийн 1980-аад онд гаргаж байсан POP цувралын цаг мөн Audemars Piguet-н бүтээсэн анхны тансаг зэрэглэлийн спорт цаг болох Royal Oak цагны загварыг хамтатгажээ.
Royal Pop халаасны цаг нь Swatch брэндийн албан ёсны дэлгүүрүүдээр 400-420 ам.доллароор зарагдаж байгаа ч цахим платформуудаар иргэд тус цагийг олон мянган ам.доллароор дамлан наймаалж эхэлсэн байна.







