
2026 оны төсвийн тодотголыг УИХ хэзээ хэлэлцэн батлах вэ гэдэг хүлээлт улс төр, эдийн засгийн хүрээнд үүсээд байна. Засгийн газар 1.4 их наяд төгрөгийн зардлыг танаж, ахмад настны тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин, хүнс, эрчим хүчний үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг төсвийн тодотголын төсөлдөө тусгаад буй.
Харин УИХ-ын гишүүдийн зүгээс тодотголыг яаралтай хэлэлцэх шаардлагатай эсэхээс эхлээд төрийн албан хаагчдын цалин нэмэх нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх, төсвийн сахилга батыг хэрхэн хадгалах зэрэг асуудлаар өөр өөр байр суурь илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
“УИХ дахь МАН-ын бүлэг Их тэнгэрт хаалттай хуралдаж, төсвийн тодотгол ямар байх тухай хэлэлцсэн.”
Түүний хэлснээр, УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн тодотголын агуулга, цаашид ямар арга хэмжээ авах талаар хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголыг УИХ-ын түвшинд хэлэлцэхээс өмнө эрх баригч намын бүлэг дотооддоо байр сууриа нэгтгэх үйл явц явагдаж байгаа юм.
Төсвийн тодотголын хүрээнд 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэхийн зэрэгцээ иргэдэд чиглэсэн зарим арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн учраас эдгээр асуудлаар гишүүдийн байр суурь нэлээд анхаарал татаж байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт
“Есдүгээр сарын 1-нд Даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж, УИХ-ын дэгийн тухай хуулийн хүрээнд ээлжит бус чуулган зарлах товыг гаргана. Одоогийн байдлаар ээлжит бус чуулган хураллуулах бэлтгэл ажлыг хангах шатандаа явж байна.”


Ингэснээр төсвийн тодотголыг хэзээ хэлэлцэх нь есдүгээр сарын эхээр тодорхой болох төлөвтэй байна. УИХ-ын даргын мэдээллээр ээлжит бус чуулган зарлах эсэх болон товыг Даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн шийдэх аж.
Хэрэв ээлжит бус чуулган зарлагдвал Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголыг ээлжит чуулган эхлэхээс өмнө хэлэлцэн шийдвэрлэх боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа
“Ахмадуудын тэтгэврийг нэмэх болон төрийн албан хаагчид, багш, эмчийн цалинг үе шаттай нэмэгдүүлэхээр тодотголд тусгасан нь давуу тал.”
Төсвийн тодотголын нийгмийн шинжтэй гол арга хэмжээнүүдийн нэг нь ахмад настны суурь тэтгэврийг 2026 оны арваннэгдүгээр сараас олгож эхлэхээр төлөвлөсөн явдал. Үүний хүрээнд 435 мянган ахмад настанд сард дунджаар 220 мянган төгрөгийн суурь тэтгэврийг оны сүүлийн хоёр сард олгоход 196.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Мөн төрийн үйлчилгээний бүх салбарын цалинг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд 166.3 тэрбум төгрөг тусгасан байна. Тиймээс А.Ариунзаяагийн хувьд тодотголын давуу тал нь иргэдийн орлогыг хамгаалах чиглэлд тодорхой арга хэмжээ тусгасанд оршиж байна гэж үзэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал
“УИХ-ын чуулган одоогоор зарлагдаагүй байна. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь буюу 150 мянган хүний цалинг нэмэх нь цаана нь байгаа 1.1 сая хүнээс илүү чухал биш. 1.1 сая хүн хувийн хэвшилд ажиллаж байхад нэг хэсгийн нэмээд нөгөө талыг нь орхигдуулж болохгүй. Эдийн засгийн үр дагаврыг тооцох хэрэгтэй. 150 мянган хүний цалин нэмэгдэхэд ард нь дагаад бензин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүгд нэмэгдэнэ. Энийгээ яах вэ гэдгийг тооцож байж төсвийн тодотголоо шийдэх хэрэгтэй.”
Түүний хувьд төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрийг зөвхөн тухайн салбарын ажилтнуудын орлогыг өсгөх өнцгөөс харахгүй байх шаардлагатай гэж үзэж байна.
Учир нь төрийн албан хаагчдын орлого нэмэгдэх нь хэрэглээний өсөлтөөр дамжин бараа бүтээгдэхүүний эрэлт, улмаар үнэ өсөхөд нөлөөлж болзошгүй. Тиймээс нэг хэсгийн орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн худалдан авах чадвар, инфляцад үзүүлэх нөлөөг давхар тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Энэ нь инфляц өндөр байгаа үед төсвөөс цалин, тэтгэвэрт нэмэлт хөрөнгө гаргах нь эдийн засагт ямар үр дагавар авчрах вэ гэсэн асуудлыг хөндөж буй хэрэг юм.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл
“Бид Төсвийн тогтвортой байдлын хуулийг батлаад таван гол дүрмийг зарчмын хүрээнд тусгаж өгсөн. Гэтэл энийгээ биелүүлэхгүй байнга өөрчилдөг. Үүнээс улбаалаад манай улс төсвийн сахилга батгүй явж байна.”


Түүний хэлсэнчлэн төсвийн тодотголын асуудал нь зөвхөн энэ жилийн орлого, зарлагыг хэрхэн өөрчлөх тухай асуудал биш. Төсвийн тогтвортой байдлын хуулиар тогтоосон хязгаар, зарчмуудаа хэрхэн мөрдөх вэ гэдэг урт хугацааны бодлогын асуудал мөн.
Засгийн газар энэ удаагийн тодотголоор төрийн тэвчиж болох зардлыг танаж, нийт зардлыг бууруулах зорилт тавьсан ч төсвийн сахилга баттай холбоотой асуудал УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр дахин хөндөгдөх нь тодорхой байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
“УИХ-ын чуулган ирэх сарын 15-нд эхэлнэ. Энэ үеэрээ төсвийн тодотголыг шууд хэлэлцэх биз. Наана нь COP17-ын ажил бас их байна.”
Түүний хэлснээр төсвийн тодотголыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээс илүү ээлжит чуулган эхлэхийг хүлээх хувилбар ч байж болохоор байна. УИХ-ын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд эхлэх бөгөөд энэ үеэр төсвийн тодотголыг хэлэлцэх боломжтой гэж тэр үзэж байна.


Төсвийн тодотголын гол хүлээлт
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөр мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150 тэрбум төгрөг, цахилгааны тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгажээ. Мөн эрчим хүчний станц, дамжуулах, түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн байна.
Тодотголын дараа 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд, нийт зарлага 34 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүрэхээр тооцоолсон.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар нэг талаас зардлаа танах, нөгөө талаас инфляц, хүнс, эрчим хүчний үнийн өсөлтөд иргэдийг хамгаалах хоёр зорилтыг зэрэг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголыг боловсруулжээ.
Одоо харин уг төслийг УИХ ямар хугацаанд хэлэлцэж, ямар өөрчлөлт оруулах нь тодорхойгүй байна. УИХ-ын даргын мэдээллээр есдүгээр сарын 1-нд Даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулган зарлах товыг шийдвэрлэх юм. Харин ээлжит бус чуулган зарлагдахгүй бол есдүгээр сарын 15-нд эхлэх ээлжит чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх хүлээлттэй байна.
Тиймээс төсвийн тодотголын хувьд одоогоор “батлах эсэх” гэхээсээ илүү “хэзээ хэлэлцэж, ямар агуулгаар батлах вэ” гэдэг нь гол анхаарлын төвд байна. Иргэдийн худалдан авах чадвар буурч, инфляц өндөр байгаа энэ үед шийдвэрийг удаах тусам цалин, тэтгэвэр болон үнийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээний хэрэгжилт хойшлох эрсдэлтэй.
Харин нөгөө талд төрийн зардлыг нэмэгдүүлэх шийдвэр бүр инфляц болон төсвийн сахилга батад хэрхэн нөлөөлөхийг тооцох шаардлагатай. Иймээс УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдах эсэх нь төсвийн тодотголын хугацааг тодорхойлохоос гадна Засгийн газрын санал болгосон 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт, иргэдэд чиглэсэн зарцуулалтыг ямар хэмжээнд дэмжихийг харуулах улс төр, эдийн засгийн чухал шийдвэр болох юм.









