
Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийдэг байсан гэх Д.Саянаа нарын таван хүүхдийг 2 жил хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, хэргийг шалгаж дууссан байна
Өсвөр насны охид “Шангрила” зочид буудлын орчимд нэгнээ зодож, биед нь халдаж буй бичлэг өнгөрсөн гуравдугаар сард цахим сүлжээнд нийтлэгдэж, уг хэрэг олны анхаарлыг татсан. Улмаар уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд үе тэнгийнхнээ дээрэлхэж, биед нь халдсан гэх хэрэгт Д.Саянаа нарын өсвөр насны хүүхдүүдийг яллагдагчаар татан, заримыг нь Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны яллагдагч Д.Саянааг Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлж, энэ дагуу Д.Саянаад Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзах аливаа хэлбэрээр харилцахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.
Мөн дээрх гэмт хэргийн үйлдэлтэй холбогдуулж өсвөр насны дөрвөн хүүхдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Тэгвэл Д.Саянаа нарын таван өсвөр насны хүүхдэд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар: Тэднийг гурван үйлдэлд холбогдуулан зорчих эрхийг хязгаарлахаас хоёр жил хүртэл хугацаагаар цагдан хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, шалгаж дууссан байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.5 зүйл буюу “Заналхийлэх”, Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл буюу “Хувь хүний нууцыг задруулах”, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэсэн хэд хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан гэх мэдээлэл байгаа юм.
Энд өгүүлэхэд, дээрх хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдүүд нь бусдын биед халдаж буй үйлдлээ бичлэг болгон авч, улмаар цахим орчин дахь хандалтаа нэмэгдүүлэх зорилгоор цахим сүлжээнд байршуулж, заналхийлдэг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэх мэдээлэл ч бий.
- Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйл /Заналхийлэх/-ийн 2-д Энэ гэмт хэргийг 2.1-д бүлэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл /Хувь хүний нууцыг задруулах/-ийн 2.1-д харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.







