
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Бээжин дэх Хятадын Коммунист намын төв байр Жоннаньхайд хүлээн авна.
Жоннаньхайд Хятадын үе үеийн эзэн хаад цайлуюж, зоог барин, чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсан ба өнөөдөр эртний сүм хийд, асрууд байрлах 6 км² талбай бүхий энэ хэсэгт эртний орчин үеийн оффисын барилгууд сүндэрлэсэн байх аж.
Жоннаньхайг Америкийн Цагаан ордон, Оросын Кремльтэй зүйрлэх нь олонтоо бөгөөд тус газрын хамгаалалт, хяналтыг Хятадын Коммунист намын дээд удирдлагуудын аюулгүй байдлыг хангадаг цэргийн элит анги бүрэлдэхүүн хариуцдаг аж. Өндөр хашлагаар хүрээлэгдсэн учир Жоннаньхай нь олны нүднээс далд, газрын зургийн цахим платформууд дээр тус газрын тоон дүрс хязгаарлагдмал байдаг байна.
Жоннаньхайд Хятадын Улс төрийн товчоо болон Хятадын Коммунист Намын (ХКН) Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны уулзалтууд олон арван жилийн турш болж ирсэн бөгөөд АНУ-ын төрийн тэргүүнүүдээс цөөн хэд нь л Жоннаньхайд орж үзэж байжээ.
Хятадын удирдагч Мао Зэдун АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсоныг 1972 онд БНХАУ-д айлчлах үеэр нь Жоннаньхайд хүлээн авч байсан бол уг үйл явдлаас хойш 30 жилийн дараа БНХАУ-ын Ерөнхийлөгч Жан Зэмин Ерөнхийлөгч Жорж Бушийг Жоннаньхайд урьж байв.
Америкийн төрийн тэргүүнүүдээс хамгийн сүүлд Ерөнхийлөгч Барак Обама 2014 онд Хятадад хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Си Жиньпинтэй Жоннаньхайн асруудын нэгд нь оройн зоог барьж, цайлж байсан билээ.







