
ХБНГУ-ын Бремен хотын шүүх Milka шоколадыг үйлдвэрлэгч АНУ-ын Mondelēz компани Alpine Milk шоколадныхаа жинг 100 граммаас 90 грамм болгон багасгасан хэр нь шоколадны гаднах савлагаа буюу олонд танигдсан нил ягаан өнгө бүхий цаасан уутыг өөрчлөөгүй нь хэрэглэгчдийг хуурсан явдал хэмээн шийдвэрлэжээ.
Mondelēz компанийн зүгээс Milka шоколадны жинд өөрчлөлт гарч буй талаар өөрийн вэбсайт болон нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан хэрэглэгчдэдээ мэдэгдсэн хэмээн мэдүүлжээ.
Үйл ажиллагааны болон түүхийн эдийн зардал нэмэгдсэнээс болж хүнсний компаниуд бүтээгдэхүүнүүдийнхээ жинг багасгадаг эсвэл үнээ нэмдэг явдал сүүлийн жилүүдэд ихээр ажиглагдах болоод байгаа билээ.
Milka шоколадны хувьд өнгөрсөн оноос хойш 1 мм-ээр нимгэрч, үнэ нь 1.49 еврогоос 1.99 евро болж нэмэгдсэн байна. Түүнчлэн Mondelēz компани Toblerone шоколадныхаа жинг 360 граммаас 340 грамм болгож багасгажээ.
Дэлхийн какао шошийн нийт ургацын 50 гаруй хувийг бүрдүүлдэг Баруун Африкийн орнууд тэр дундаа Гана болон Кот д’Ивуар улсад какао шошийн ургац муудсанаас болж дэлхий даяар шоколадны үнэ нэмэгдсээр байгаа аж.







