
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хантавирусийн халдварын тохиолдлууд нэмэгдэх төлөвтэй байгаа учраас улс орнуудыг бэлтгэлтэй байхыг зөвлөжээ. Тэрээр улс орнуудыг ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж, хантавирусийн халдвар авсан байж болзошгүй иргэдийг 42 хоногийн турш хөл хорьж, хавьтлуудад хяналт тавих шаардлагатайг онцолжээ. Тедрос Адханом Гебрейесус, “Яг одоогийн байдлаар хантавирусийн халдвар өргөн хүрээг хамарч тархах эрсдэл ажиглагдахгүй байна. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж болно.
Хантавирусийн халдварын нууц үе урт учир ирэх долоо хоногуудад халдварын тохиолдлууд нэмэгдэж болзошгүй.” хэмээн өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ. Аргентинаас Кабо-Верде чиглэлтэй зорчиж байсан Хондиус хөлөг онгоцны 3 зорчигч, Нидерланд улсын 2 иргэн, ХБНГУ-ын нэг иргэн, хантавирусийн халдварын улмаас нас барсан юм. Түүнээс хойш тус хөлөг онгоцны 100 гаруй зорчигчдоос 9-д нь хантавирусийн халдвар илрээд байгаа юм. Харх, хулгана зэрэг мэрэгч амьтад болон тэдгээрийн ялгадсаар дамжин хүнд халдварладаг хантавирус нь маш ховор тохиолдолд хүнээс хүнд халдварлах боломжтой бөгөөд халдварын нууц үе нь 6-8 долоо хоног үргэлжилдэг аж. Хантавирусийн халдварын эмчилгээ эсвэл уг вирусийн халдварын эсрэг вакцин одоохондоо байхгүй ч халдварыг эрт илрүүлж, эмчилгээг даруй эхлүүлэх нь хүндрэл, нас баралтаас сэргийлж чадах аж. Францын эрх баригчдын мэдээлснээр круиз аяллын “Хондиус” хөлөг онгоцны зорчигч, хантавирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон, Франц улсын иргэн эмэгтэйн биеийн байдал хүнд, эрчим эмчилгээний тасагт уушгины аппаратын тусламжтай амьсгалж байгаа аж.







