
Иншүрко Даатгал ХХК нь Япон Улсаас 1.5 сая ам.долларын стратегийн хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлж, “Стратегийн түншлэлийн нээлтийн ёслол”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл явдал нь зөвхөн компанийн хөгжлийн шинэ шат төдийгүй Монгол Улсын даатгалын салбарын олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчны хувьд онцлох түүхэн алхам болж байна.
Тус хөрөнгө оруулалтын үр дүнд Иншүрко даатгал ХХК нь Монгол Улсын даатгалын салбарт гадаадын хөрөнгө оруулалт татсан гурав дахь, харин Япон Улсаас стратегийн хөрөнгө оруулалт татсан анхны даатгалын компани болж буйгаараа онцлог юм. Энэ нь Монголын даатгалын салбарын хөгжлийн боломж, зах зээлийн өсөлтийн чадамжийг олон улсын хөрөнгө оруулагчид өндрөөр үнэлж буйн тод илэрхийлэл болж байна.
Иншүрко даатгал ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авч, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Хэдийгээр харьцангуй шинэ компани боловч богино хугацаанд зах зээлд өөрийн байр суурийг бүрдүүлж, хэрэглэгч төвтэй үйлчилгээ, технологид суурилсан шийдэл, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээрээ салбартаа танигдаад байна.
Өнөөдрийн байдлаар тус компани нийт 48 төрлийн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд санал болгож байгаа бөгөөд байгууллага болон иргэдэд зориулсан олон төрлийн эрсдэлийн хамгаалалтын шийдлийг хүргэн ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”, ногоон хөгжлийн үзэл баримтлал, Тогтвортой санхүүжилтийн холбооны Ногоон таксономи болон олон улсын тогтвортой хөгжлийн чиг хандлагатай уялдуулан салбартаа анхдагч “Ногоон даатгал”-ын багц бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн нь онцлох ажил болж байна.
Энэхүү стратегийн хамтын ажиллагаа нь Иншүрко даатгал ХХК-ийн урт хугацааны тогтвортой өсөлт, санхүүгийн чадавх болон өрсөлдөх чадварыг шинэ түвшинд хүргэх чухал ач холбогдолтой юм. Мөн Япон Улсын даатгалын салбарын туршлага, менежментийн стандарт, инновац, технологийн шийдлийг Монголын зах зээлд нутагшуулах замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх өргөн боломжийг бүрдүүлж байна.
Цаашлаад энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн компанийн хэмжээнд бус Монгол Улсын даатгалын салбарын санхүүгийн тогтвортой байдал, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдолтой үйл явдал болж байгаагаараа онцлог юм.
Иншүрко даатгал ХХК нь цаашид харилцагчдынхаа итгэл, хэрэгцээнд тулгуурласан инновацлаг бүтээгдэхүүн, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн Монголын даатгалын салбарын хөгжилд үнэ цэн бүтээсэн тэргүүлэгч байгууллага болох зорилтын төлөө ажиллахаа илэрхийлж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал
Даатгалын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ өндөр хөгжсөн Япон улсаас энэ салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг дагаад олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, туршлага манай даатгалын зах зээлд орж ирнэ гэдэгт итгэж байна.
Иншүрко даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Солонго
Энэхүү стратегийн түншлэл нь бидэнд санхүүгийн боломжоос гадна олон улсын туршлага, урт хугацааны сахилга бат, шинэ түвшний засаглал, хамтын үнэ цэнийг авчирч байна.
Иншүрко даатгал ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Томохико Уэмура
Бид зөвхөн даатгалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага байгаад зогсохгүй, харилцагчид болон бизнесийн түншүүдтэйгээ урт хугацааны бат бөх итгэлцлийн харилцааг бий болгон, Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах найдвартай түнш байхыг эрмэлзэж байна.










