
Баруун Австралийн Robe River Kuruma уугуул иргэдийн нийгэмлэг олон мянган жилийн настай дагшин булаг шанд нь түүхэндээ анх удаа ширгэсэн явдалд Rio Tinto компанийг буруутгажээ.
Австралийн Перт хотод өнгөрсөн лхагва гарагт болсон Rio Tinto компанийн чуулга уулзалтын үеэр Robe River Kuruma уугуул иргэдийн нийгэмлэгийн тэргүүнүүд тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг Rio Tinto компанийн төмрийн хүдрийн уурхайн олон жилийн гүний усны замбараагүй хэрэглээ нь уугуул иргэдийн олон мянган жилийн турш шүтэж ирсэн дагшин булаг шандыг ширгэхэд хүргэсэн гэж үзэж байгаагаа илэрхийлж, Rio Tinto компаниас усны хэрэглээгээ багасгахыг шаарджээ.
Robe River Kuruma нийгэмлэгийн төлөөлөгч Жейсон Мастерс, “Энд миний эмээ төрсөн. Эцэг өвгөдийн маань үед тохиосон ган гачиг бүрд уг дагшин булаг ширгэлгүй үлддэг байсныг ахмадууд дурсдаг. Гэтэл түүхэндээ анх удаа ширгэчихлээ. Нарелл хар салхины нөлөөгөөр орсон их хэмжээний борооны дараа ч сэргэсэнгүй.” гэжээ.
Rio Tinto компани, Баруун Австралийн засаг захиргаатай хамтран усны хомсдолтой тэмцэх үүднээс 1.1 тэрбум австрали долларын өртгөөр ус цэвэршүүлэх үйлдвэр барьж байгаа нь энэ оны сүүлээр ашиглалтад орох ба жилдээ 8 гига литр цэвэршүүлсэн ус гаргах аж.
Перт хотод болсон чуулга уулзалтын үеэр Rio Tinto компанийн удирдах зөвлөлийн дарга Доминик Бартон, “Бид гол усны системийг сэргээхийн тулд чадах бүхнээ хийж байна. Эргүүлж буцаах боломжгүй хохирол, нөлөө зэргийн тал дээр чадах бүхнээрээ тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.” хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн 3-р сард Rio Tinto компани дээрх бүс нутагт сүүлийн 5 жилд өмнөх жилүүдийн дунджаас бага хэмжээний хур тунадас орсон, гол усны урсгал буурсан зэргээс болж бүс нутгийг ундны усаар хангахад чухал ач холбогдолтой Миллстрим болон Бунгаругийн гүний усны нөөц багассан хэмээн мэдэгдэж байжээ.
2020 онд Rio Tinto компани Австралийн Puutu Kunti Kurrama, Pinikura уугуул иргэдийн дархан цаазат хадыг нурааж уугуул иргэдийн уур бухимдлыг төрүүлж, олон улсын анхаарлын төвд орсон билээ. Уг явдлаас болж Rio Tinto компанийн хэд хэдэн удирдах албан тушаалтнууд солигдсон юм.







