
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн үр дүнд хатуу хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтэц бүрдэнэ
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026–2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр хоногт 1270–1500 тонн ахуйн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай. Хоёр иж бүрдэл шатаах зуухтай, уурын үзүүлэлт нь 6.4 МПа даралт, 450 хэмийн температурт ажиллах юм. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжилт босгох, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтыг урьдчилсан байдлаар зарлаад байна.
Үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн хатуу хог хаягдлын 50-иас дээш хувийг булшлах бус боловсруулах дэд бүтэц бүрдэнэ. Нийт хог хаягдлын дахин боловсруулах боломжгүй 42 хүртэлх хувийг эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах юм. Ингэснээр хогийн цэгт булшлах хог хаягдлын хэмжээ 5–8 хувиар буурахаас гадна эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, хотын дэд бүтцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ.
Түүнчлэн хогноос ялгарах хүлэмжийн хийг багасгах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар нийслэлийн экологийн аюулгүй байдлыг хангаж, жилээс жилд өсөн нэмэгдэж буй ахуйн хог хаягдлын хэмжээг бууруулахаар төлөвлөж байна.







