
Өнгөрсөн лхагва гарагт БНСУ-ын Samsung компанийн хувьцааны үнэ 15 хувиар өсөж, тус компанийн зах зээлийн үнэлгээ 1.05 их наяд ам.долларт хүрчээ.
Ингэснээр Samsung компани зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.долларыг давсан Азийн хоёр дахь компани болж, зах зээлийн үнэлгээ нь 2 их наядыг давсан Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC компанийн ард бичигдэж байна.
Хиймэл оюун ухааны системийг хөгжүүлэхэд шаардлагатай HBM санах ой хурдан чипийн эрэлт өссөнтэй холбоотойгоор Samsung компанийн хувьцааны үнэ сүүлийн нэг жилийн дотор 2 дахин нэмэгджээ.
Түүнээс гадна Samsung компанийн хувьцааны үнэ өссөн нь Apple компани TSMC компанийн процессороос татгалзаж оронд нь Samsung болон Intel компаниудтай хамтран процессор үйлдвэрлэхээр яриа хэлэлцээ эхлүүлээд байгаа тухай мэдээ ч багагүй нөлөөлжээ.
2025 оны намраас хойш компьютерын чипийн үнэ огцом өссөн юм. Энэ нь дэлхийн технологийн тэргүүлэгч компаниуд бүгд хиймэл оюун ухааны технологиороо уралдаж эхэлсэнтэй холбоотой бөгөөд үүнийг дагаад хиймэл оюун ухааны систем хөгжүүлэхэд шаардлагатай өндөр хүчин чадалтай чипүүдийн эрэлт ч огцом өссөн юм.







