
ОБЕГ: Нийт нутгаар салхи, шуурганы давтамж ихтэй байгаа учраас болзошгүй гал түймрийн аюулаас болгоомжилно уу
Ус цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулав. Урьд өмнөх жилүүдийн адил зарим өдрөө дулаахан, заримдаа нийт нутгаар сэрүүхэн байх ч гэлээ “нийт нутгаар салхи, шуурганы давтагдал их байх нь ээ” гэдгийг онцгойлон сануулжээ.
Төрийн нэг байгууллага цаг агаарын мэдээгээ цаг алдахгүй өгч, төв суурин газарт амьдарч буй бид “Аан за жаахан салхитай хавар болох нь ээ” гээд бодоод тоохгүй өнгөрч болох ч мэргэжлийнхэн буюу бидний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахаар тангараг өргөж, хаврын хавсарга, зуны халуун, өвлийн цастайд ч албаа гүйцэтгэж яваа Онцгой байдлын албан хаагчдын хувьд энэ тийм ч сайн мэдээ биш юм.
Учир нь салхи шуурга их байна гэдэг нь хур тунадас бага хуурайшилт ихэснэ ээ гэсэн үг. Хуурайшилт их байна гэдэг нь ой, хээрийн түймэр дэгдэх боломжийг нэмэгдүүлдэг учраас анхаарал сэрэмж тэр хэрээр нэмэгдэж, аюулт үзэгдэл ослын дуудлага гарах эрсдэлд үргэлж бэлэн байх шаардлагатай болж буй хэрэг юм. Тиймдээ ч мэргэжлийн байгууллагаас гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ны өдрийг гал түймрийн хамгийн эрсдэлтэй цаг үе гэж тодорхойлж, энэ үед иргэдийг ил задгай гал түлэхгүй байх, машин, мотоциклийн яндангаас гал алдахаас сэргийлэх, асаасан тамхи, шүдэнзээ унтраах, ил задгай үнс нурам хаяхгүй байх, өнжмөл шар өвсөө шатаахгүй байх гэсэн хүн бүхний мэддэг юм шиг атлаа мэдэхийг хүсдэггүй хэдхэн энгийн хэдхэн зөвлөгөөг ягштал дагаж мөрдөхийг сануулдаг нь учиртай билээ.
Гэвч иргэд энэ бүхнийг үл тоодгоос үүдэн жил бүхэн хүний хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан Монгол Улс хэдэн мянган га ой мод, хээр талыг түймэрт алдаж, онцгой байдлын алба хаагчид маань хүн хүч, техникээ барж ойн түймэртэй тэмцсээр ажилчдынхаа ахуй амьдралыг өөд татах гэж батлуулсан хэсэг төсвөө барж дуусдаг нь худлаа биш. Албаны хүний өгч буй мэдээллээр өнөө жил ой, хээрийн түймрийн дуудлага өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар багассан сайн мэдээтэй байгаа аж.
Гэхдээ энэ нь тайвширч болно гэсэн үг огт биш. Ойн түймрийн дуудлага багассан мэт боловч хүний буруутай үйлдлээс буюу ил задгай хог хаях, тамхи, шүдэнзээ асаалттай орхисноос үүдэлтэй түймрийн тоо ихэссэн байгаа нь бидний ухамсар, сэтгэхүйд өөрчлөлт ороогүй, төрийн байгууллагын өгч буй сэрэмжийг үл тоодог гэдгийн нотолгоо билээ. Онцгой байдлын алба хаагчид өнгөрөгч дөрөвдүгээр сард гэхэд л хоёр дүүрэг, 10 аймгийн 42 суманд 72 удаагийн ой хээрийн дуудлага дээр очиж ажиллажээ. Үүнээс дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт гэхэд л Увс, Дорнод, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Дорнод аймагт есөн ой, хээрийн түймэр гарсныг бүрэн унтраасан бол тавдугаар сар гараад дөнгөж гуравхан хонож байхад таван ч газар ой, хээрийн түймэр бүртгэгдэж, дөнгөж өчигдөрхөн Хөвсгөл аймагт гарсан хоёр түймрийг бүрэн унтрааснаа мэдэгдэв.
Эх сурвалж: ОБЕГ







