
Өнгөрсөн бямба гарагт Хан мөрний эрэг дээрх Сөүл цэцэрлэгт хүрээлэнд олон зуун залуус хэн хамгийн удаан дуг хийх вэ тэмцээнд оролцжээ.
Сөүл хотын захиргаанаас 3 дахь жилээ зохион байгуулж буй уг тэмцээнд нойроо авч, эрч хүчээ нөхөх хүсэлтэй хүн бүр уригджээ.
Тэмцээний дүрэм маш энгийн: үлгэрийн баатруудын дүрд хувирч, унтлагын хувцас, төрөл бүрийн амьтны өмсгөл өмссөн оролцогчид тухтай байрлалаа аван нойрсох ёстой ба тэмцээнийг зохион байгуулагчид нойрсож буй оролцогчдын зүрхний цохилтыг тогтмол хэмжиж, гүн нойрсож буй эсэхийг нь шалган, хамгийн удаан дуг хийж чадсан оролцогчийг шалгаруулах юм.
БНСУ-ын хувьд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд дундаас хүн ам нь хамгийн олон цаг ажиллаж, хамгийн бага унтдаг орнуудын нэг юм. Ажлын хэт ачаалал, түүнийгээ дагаад нойр дутуу явах нь солонгосчуудын хувьд томоохон асуудал болоод байгаа ба Сөүл хотын захиргаанаас хэн хамгийн удаан дуг хийх вэ тэмцээнийг зохион байгуулах болсон нь уг асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах оролдлого аж.
Энэ жилийн Хэн хамгийн удаан дуг хийх вэ тэмцээнд 80-аад насны эрэгтэй түрүүлж, 37 настай оффисын ажилтан Хван Ду Сон 2-р байранд оржээ.
Эх сурвалж: Reuters







